Британийн засгийн газар Европын холбооны бүрэлдэхүүнээс гарах үйл явц буюу БРЕКСИТ-ийг бэлгэдэж, тусгайлан цутгасан бэлгэдлийн 50 пенсийн зоос танилцууллаа. Бүх улс орнуудтай энх тайван, эв нэгдэлтэй, түншлэхийг бэлгэдсэн үгийг уг зоосон дээр дүрсэлсэн байна.

Энэ нь ИБУИНВУ 1-р сарын 31-ний өдөр Европын холбооноос гарснаасаа хойш бүх улс орнуудтай эвтэй найртай, түншлэлийг бэхжүүлэх зорилтоо илэрхийллээ гэж ажиглагчид харж байна. Энэ сарын 31-ний өдрөөс эхлэн Британийн банкууд, шуудангууд, мөн худалдаа үйлчилгээний байгууллагууд гурван сая орчим бэлгэдлийн зоосыг гүйлгээндээ хэрэглэж эхлэх юм байна. Өмнө нь Британийн сангийн яам 2013 оны 3-р сарын 29-ны өдөрт зориулж бэлгэдлийн тусгай зоос гаргахаар төлөвлөж байсан ч БРЕКСИТ-ийн хугацааг 10-р сарын 31-н хүртэл хойшлуулсан.

Бэлгэдлийн зоосыг 10-р сарын 31-ний өдрөөр цутгасан байсан ч Европын холбооноос гарах хугацаа нь дахин сунгагдсанаар Британийн сангийн яам зоосоо хайлуулахаас аргагүй болсон байна. ИБУИНВУ дэлхийн хамгийн сонгодог интеграц гэгддэг Европын холбооноос гарах хуулийн төсөлд энэ сарын 23ны өдөр хатан хаан хоёрдугаар Элизабет гарын үсэг зурснаар БРЕКСИТ-ийн тухай хууль хүчин төгөлдөр болсон. Ингээд Британи улс Европын холбооны эгнээнээс энэ 7 хоногийн баасан гарагт буюу 1-р сарын 31-нд хууль ёсны дагуу гарах гэж байна.
| Британи Брексит-ийг бэлгэдсэн тусгай зоос гаргалаа | ||
| Үзсэн: 708 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.