МУСГЗ, Оросын холбооны Буриад улсын УГЗ, СУИС-ийн хүндэт профессор, “Монголын концертийн төв” ТББ-ын тэргүүн, найруулагч Д.Ухнаатай ярилцлаа.
-Та маргааш болох гэж байгаа тоглолтын талаар мэдээлэл өгөөч?
-Монголд хөнгөн аж үйлдвэр үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан урлагийн их наадмыг зохион байгууллаа. Манай ард түмэн аугаа авъяаслаг хүмүүс. Аж үйлдвэрийн салбарт ардын урт, богино дуу, нийтийн дуу бүжиг гээд урлагийн бүх төрлөөр уралдаан явуулахад 500 гаруй хүмүүс оролцлоо. Эндээс тунаж шалгарсан авъяастнууд Улаанбаатар паласын их танхимд тоглоно. Монголын болоод дэлхийн алдартнууд тоглодог энэ тайзан дээр эгэл жирийн нэг ажилчин гарч дуулж бүжиглэнэ гэдэг их сайхан ажил юм. Шилдэг 60 авьяастан маргааш 15 цагаас тоглох юм. Телевизээр шууд дамжуулна.
-Танай төвөөс өөр ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Нэгэн үе монголын хот хөдөөгийн театрын бүхий л ажлыг амжуулж аккардион, баянхуур, мандолин, аман хуур хөгжмийн тоглолтыг зохион байгууллаа. Эдгээр нь мартагдан алга болж үгүйсгэгдэж байгаа хөгжмийн зэмсгүүд. Үүнийг сэргээж ард түмэндээ үзүүллээ. Тавдугаар сард сувилагчдын өдрийг тохиолдуулан “Сайхан бүсгүй асрагч”, “Сайхан бүсгүй сувилагч” нэртэй дууны уралдааныг сувилагчдын холбоотой хамтран зохион байгуулна. Яагаад, айлын сайхан охины тэр авъяасыг ил гаргаж болдоггүй юм. Таван жилийн өмнө явуулахад нэг охин уйлсан. Ямар сайхан юм бэ, надад ийм ам тохиолоо гээд их баярлаж байсан шүү. Мөн гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд авъяаслаг гэр бүл шалгаруулах улсын уралдаан явуулахаар хөөцөлдөж байна. Гэр бүлийн амьдралд урлаг уран сайхан спортын нөлөөлөл маш их. Харамсалтай нь өнгөрсөн жил энд тэнд том том чуулган хийж илтгэл тавьснаас бус урлаг спортын нэг ч ажил зохион байгуулсангүй. Гэр бүл дотор урлаг яаж нөлөөлдөг билээ, энэ бол орхиж боломгүй чухал асуудал. Хүүхдээ “Маамуу нааш ир” дууг дуулаад бүжиглэхэд муудалцсан аав ээж инээлдээд эвлэрдэг шүү дээ. Тавдугаар сарын 10 бол дэлхийн гэр бүлийн өдөр. Энэ үеэр тус уралдааныг явуулахаар холбогдох газруудад хүсэлт тавьсан. Хүлээж байна.
-Монголын концертийн төв нийгэмд өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа санаачлан зохион байгуулдаг газар. Цаашдын зорилгын тухайд?
-“Монголын концертийн төв” ТББ гадаад, дотоодын уран бүтээлчид болоод урлагийн байгууллагуудын хамтын ажиллагаа, залуу авъяастанг тодруулж нийтэд хүргэх, шаардлагатай урлагийн үйл ажиллагааг зохион байгуулах ажил хийдэг. Миний мэргэжил бол угаасаа шоу хийх. Стадионы болон талбайн арга хэмжээг хийдэг. Одоо нас яваад ажил хийж чадахаа байлаа. Сүхбаатарын талбай дээр үндэсний баяр наадмын 12-ны оройн шоуг долоон удаа хийсэн. Манайд нэг дутагдалтай юм бий. Монгол үндэсний их баяр наадмаар гэсэн хирнээ орой нь хэдэн залуус талбай дээр шоу хийдэг. Залуучуудын байгууллагын ойн баяр шиг санагддаг. Үгүй шүү, тэнд хүүхэд, ахмад, залуус бүгд байх хэрэгтэй. Яагаад хүүхэд хөгшдөд тохирсон зохицсон юм хийж болдоггүй юм бэ. Би энэ хүсэлтээ баяр наадмын комисст тавьсан. Ахиад ч тавина. Надад нэг цаг өгөөч, би хөгшид хүүхэд цаашлаад хүн бүрт хэрэгтэй ганцхан цагийн арга хэмжээ явуулъя гээд баяр наадмын комисст мөргөж сөгдөж гуйна гэж бодож байна.
- Танай ТББ-ын гишүүд гэвэл?
-Тэнд хэн байх нь чухал бишээ. Дандаа улсын гавъяат цолтой урлагийн нэртэй хүмүүс бий. Одоо бид энэ сарын 30-нд урагшаа Ордос, Хөх хотод очиж урлагийн наймаа хийнэ. Мэргэжлийн урлагийн байгууллагын хамтлаг дуучдын солилцоо хийнэ. Ардын хөгжмийн сурталчилгаа хийнэ. Мөн Ховд аймгийн алдарт дуучин Л.Оюунчимэг Баянмонгол чуулгад дуулж байгаад бурхан болсон. Энэ хүнийг мартмааргүй байна. Нутаг орон нь ч, ажиллаж байсан байгууллага, хамт ажиллагсад нь ч тэр. Тийм учраас улсын филармонитой хамтран “Үртэй хүн жаргалтай” нэрэмжит олон улсын поп дуучдын уралдааныг тавдугаар сард зохион байгуулна.
-Та “Univers best songs” наадмын ажиглагчаар ажилладаг. Наадмын чанар чансааны хувьд та ямар бодолтой явдаг вэ?
-Та нар дүгнэлт хийе гэж боддог бол орой болгон үз. Чанаржиж байгаа шүү. Эхний нэг хоёр жил мэдэхгүй ороод ирдэг. Дараагийн жилүүдэд тодорхой мэдлэг мэдээлэлтэй аваад бэлтгэгдэж орж ирж байна. Ингэвэл ингэдэг, тэгвэл тэгдэг гээд л. Тэгээд олон дундаас шигшигдээд гараад л ирдэг байхгүй юу. Сонирхон хааяа үзэгчид дараалаад 10 хүүхэд хасагдчихаар чанаргүй юм гэсэн бодол төрж болох. Гэвч үгүй шүү Би эндээс гаръя гэдэг. Балхаа “Ухнаа гуай та байж бай. Ийм хүн хэрэгтэй байна” гэдэг. Намайг голдоггүй урьдаг, би ч энэ замыг туулж ирсэн болохоор бүхнийг мэддэг, мэдэрдэг. Баримжаа байна ш тээ. Урлаг хүнд ямар сайхан нөлөө үзүүлдгийг энэ наадам ч гэсэн харуулж байна.
-Гэхдээ сүүлийн үед урлагийг бизнес утгаар нь хөгжүүлээд байна уу?
-10 жилийн урлагийн бүх дугуйланг хаасан. Та нарын эмээ өвөө нар бүгд дугуйланд явдаг байсан. Урлагийн нөлөөлөл бодлогыг төр өөрөө устгасан юмшүү. Тэрнээс биш нэг дуучин хэдэн дуу дуулж мөнгө олоо л биз яадгийн. Лам бизнес хийж мөнгө олоод байгаа шүү дээ. Тэр дуучин нэг дуу бичүүлэхэд, ганцхан клип хийлгэхэд хичнээн зардал гарахав. Ард түмэн аяндаа сайныг нь сонсоод хүндлээд гаргаад ирдэг юм шүү дээ.
-Урлагийн бүтээлд шүүмжийн хэрэгцээ асар их байх шиг санагддаг?
-Энэ ажлыг хийх ёстой 59 хүн байдаг юм. Гэхдээ нэг нь ч шүүмж бичихгүй байна. Худлаа л гэрэл тусгаж дуулж, хувцсаа сольж байгаа нэг тийм хачин хачин юм үзүүлээд л байх юм даа.
-Таны нэрийн хуудас их өвөрмөц юм аа. Энд “Би 2015 онд Монголын урлагт 50 жил тоглолтоо хийнэ шүү” гэж бичжээ?
-Монголын урлагт 50 жил тоглолтоо 2015 онд хийнэ. Гэхдээ жилийн өмнөөс рекламдаж байна. Энэ нэрийн хуудсаа 3000 хүнд тараана. Сая бөхийн өргөөнд тоглолт хөтөллөө. За, их сайн дуулсан хүнд календарь өгнө гээд нүүрний эгнээгээр явахад л 300 хүнд тараачихлаа. Үүнийг хүн урж хаяхгүй шүү дээ. 50 жил урлагт зүтгэхдээ ямар найз нөхөдтэй болов, ямар хүүхдүүдтэй хамтран ажиллав гээд л юу үзүүлэхээ би мэдэж байна. Би үүнийгээ урлагийнханд хүртэл өгч байна. Жилийн өмнө өгөөд өгсөн өдрөө биччихэж байгаа юм. Тэгээд дараа жил жилийн өмнө урилга өгсөн шүү дээ гээд хэлнэ. Менежмент хийгээд байна шүү дээ, Ухнаа гуай нь. Миний Монголын урлагт 50 жил зүтгэсний хүндэтгэлийн тоглолт 2015 оны тавдугаар сарын 21-нд болох юм.
-Тавин жилийн өмнөх тэр өдрийг эргээд дурсвал...?
-1960 оны наймдугаар сар. 10 дугаар ангиа төгсөөд Дорноговь аймгаас Эдийн засгийн дээд сургуульд сурахаар ирсэн. Тооны хичээлд дургүй болохоор оргоод дуурийн театрын гадуур 7 хоног эргэлдлээ. Сайран хацартай, хилэн формтой хөдөөний хүүхдийг хэн ч тоож хардаггүй ээ. Тэр дунд Цогцолмаа, Хайдав гээд дандаа гоё хүмүүс. Би ямар аз завшаантай хүмүүс энэ хаалганы цаана ордог байнаа гэж бодож зогсоно. Нэг өдөр нээх өндөөр хүн чи яах гээд байгаан гэж асуусан. Тэгээд маргааш 9 цагт ирээрэй гэсэн. Шөнө нойр хүрээгүй. Нэг муу 24-ийн цамцыг цогны индүүгээр индүүдээд нэг хар өмдтэй. Жижүүрт нь өчигдөр намайг нэг өндөр хүн хоорт зогсоорой гэж хэлсэн гээд орчихлоо. Найрал дууныхан ямар ч гоё хүмүүс байдгийн, үнэр нь хүртэл их сайхан. Гэтэл Долингорт тоглодог Норсонжав гуай хоор ангийн дарга байж. Тэр хүн нөгөө орох гэсэн хүүхэд хаа байна гээд дуудсан. 50 хүний 100 нүд намайг харж байгаа юм. Дандаа гоё хүмүүс түүгээд авчихсан мэт санагдаж билээ. Гар, хөл чичрээд яаж тав алхаж тэнд суусан юм бүү мэд. Миний хажууд нэг монхойсон, хөдөө царайтай хүү сууж байна. Тэр бол хожмын нөгөө алдарт Хатанбаатар Магсаржавт тоглодог Эрдэнэбулган. Хөдөө царайтай надтай яг адилхан. Завсарлаад хоёулаа ярилаа. Би Булганаас ирсэн, би Дорноговиос ирсэн гээд л. За тэгээд бид хоёрыг өавсөнд яв, халиарт явна, манаа хий гэнэ. Жорлон хүртэл ухлаа. Тэгээд нэг өдөр Эрдэнэбулгандаа хоёулаа ерөөсөө явъя гэхэд нэг настай дуучин “Тэгдэггүй юм. Ирээдүйн гавъяатууд ч юм билүү” гэлээ. Хоёулаа гараад инээлдээд бид хоёр гавъяат болох юм гэнээ гээд л. Тэр хүн чинь Дарьбазарт тоглодог Занабазар гуай шүү дээ. Нас барахынхаа өмнө би та хоёрт юу гэж хэллээ гэж байсан. За тэгээд Эрдэнэбулган маань дуурийн театрын манаачаас эхлээд найруулагч дарга хийсэн. Би филармоний даргаар 20 жил ажиллалаа. 50 гаруй жил найзалж явна даа, бид хоёр.
-Танд баярлалаа.
Д.Ухнаа: Баяр наадмын комиссоос мөргөж сөгдөж гуйна гэж бодож байна... | ||
Үзсэн: 7133 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.