Их Британи Европын холбооноос албан ёсоор гарах үйл явдал өчигдөр буюу баасан гарагт олон улсын цагаар 23 цагт тохиолоо. Лондон хотод энэ түүхэн үйл явдлыг тэмдэглэх баярын цугларалт боллоо. Харин Шотландууд эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулжээ.
Их Британи улс Европын холбоонд нэгдэн орсноос хойш 47 жилийн дараа энэ түүхэн үйл явдал тохиож байна. Их Британи Европын холбоог орхих эсэх асуудал одоогоос 3 жилийн өмнө эхэлж, анхны бүх нийтийн санал хураалт явагдаж байсан юм. Хагас зууны турш Европын холбооны бүрэлдэхүүнд багтаж байсан Их Британичууд энэ үйл явдлыг янз бүрийн байр сууриас хүлээн авч байна.
БРЕКСИТ-ийг дэмжигчид Лондон хотын Парламентын ордны төв талбайд цуглаж, баяраа тэмдэглэжээ. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ өнгөрсөн 50 гаруй жилийн туршид Европын холбоонд явагдсан хувьсал өөрчлөлт Их Британийн ашиг сонирхолд нийцэхгүй болсон гэдгийг хэлжээ. Тэрээр энэ бол төгсгөл биш харин эхлэл, улс үндэсний жинхэнэ сэргэн мандалт, өөрчлөлтийн цаг мөч гэж онцолжээ.

Их Британийг Европын холбооноос гарахыг дэмжигчид парламентын талбайд цуглан, дуу дуулж, бие биендээ баяр хүргэж байгааг олон улсын хэвлэлүүд харуулж байна. Энэ баярын үйл ажиллагаанд оролцож байгаа Брексит намын тэргүүн Найжел Фараж Их Британийн орчин үеийн түүхэн дэх хамгийн чухал үйл явдал тохиож байгааг онцолжээ. Харин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын бүрэлдэхүүнд багтдаг Шотландууд энэ үйл явдалд харуусч байгаагаа илэрхийлжээ. Тэд лаа асаан, Европыг холбоог орхин гарч буй үйл явдлыг эмгэнэл гэж үзэж байгааг илэрхийлсэн байна. Шотландын тэргүүн сайд Никола Стержен Шотландууд тусгаар улс байгуулан, Европын холбоонд эргэн нэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа твиттер хуудсандаа бичсэн байна. Хэдийгээр 1-р сарын 31-нд ийнхүү Их Британи Европын холбоог албан ёсоор орхиж байгаа ч энэ үйл явдал Их Британи Европын орнуудын харилцаанд шууд нөлөөлөхгүй. Учир нь 3-р сараас Их Британи Европын холбооноос гарах шилжилтийн үйл явц эхэлнэ.

Одоогоор Их Британи Европын холбооны хууль дүрмийг мөрдсөөр байгаа төдийгүй 2020 оны 12-р сарын 31-ныг хүртэл харилцаа холбоо өмнөх шигээ хэвийн байх юм. Харин энэ хугацаанд багтаан Их Британи Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээг байгуулахыг зорьж байгаа юм.
Их Британи улс 1973 оны 1-р сарын 1-нд Европын Эдийн Засгийн Нийгэмлэгийн гишүүн болж байсан юм. Харин тус улс Европын холбоог орхих бүх нийтийн санал хураалт 2016 онд явагдаж, иргэдийн ихэнх нь буюу 52 хувь Европын холбооноос гарахыг дэмжсэн юм. Тухайн үед Дэвид Камерон Их Британийн ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Гэвч энэ асуудал Их Британийн парламент болон засгийн газрын хоорондох улс төрийн тэмцэл болон хувирч, гацаанд ороод байсан. Харин өнгөрсөн жилийн 12-р сард болсон бүх нийтийн сонгуулиар өнөөгийн ерөнхий сайд Борис Жонсоны нам үнэмлэхүй ялалт байгуулж, Их Британийг Европын холбооноос гаргах асуудал саадгүй урагшилсан юм.
| Их Британи Европын холбоог албан ёсоор орхилоо | ||
| Үзсэн: 1724 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.