Хятад улсад коронавирусийн халдварын тохиолдол нэг өдрийн дотор 2000-аар нэмэгдээд байна. Мөн Испани улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр энэ аюулт вирус дэлхийн 20 орчим оронд тархаад байна.
Хятад улсад коронавирусийн халдварын тохиолдол 11821-д хүрээд байгаа бол амиа алдсан иргэдийн тоо 259 болжээ. Өмнөх долоо хоногийн ням гарагаас даваа гарагийн хооронд Хятад улс дахь коронавирусийн халдварын тоо 65 хувиар огцом нэмэгдсэн бол өнгөрөгч долоо хоногийн даваагаас мягмар гарагийн хооронд халдварын тоо ахин 30 гаруй хувиар өсчээ.
Испани улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын эрүүл мэндийн сайд баасан гарагт мэдээлсэн. Гомера гэх арлын оршин суугчаас халдвар илэрчээ. Өвчтөн хятад улс уруу ойрын үед зорчоогүй ч гэсэн Герман улсад байх үедээ коронавирусийн халдвартай хүний ойролцоо байсан гэж үзэж байгаа юм. Үүнээс гадна Испани улс Хятадын Ухань хотод байрлаж байсан 21 иргэнээ эх нутагт нь буцаан авчраад байгаа төдийгүй Мадрид хотод эмнэлгийн хяналтад байлгаж байна. Ухань хотоос ирсэн иргэдээс коронавирусийн шинж тэмдэг илрэхгүй байгааг тус улсын эрүүл мэндийн албаныхан мэдээлжээ. Энэ хооронд Хонконгийн судлаачид Ухань хотод 75000 гаруй хүн коронавирусийн халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байгааг илэрхийлжээ.
Хятадаас гадна Хойд Америк, Европ, Ази болон Ойрхи дорнодын орнуудад нийт 140 гаруй халдвар бүртгэгдээд байгаа юм. Үүнээс гадна Их Британи, АНУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг орнууд Хятадын Ухань хот руу тусгай нислэгийн онгоцыг илгээж, иргэдээ нүүлгэн шилжүүлж эхлээд байна.
| Испани улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ | ||
| Үзсэн: 899 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.