Өнгөрөгч баасан гарагт АНУ-ын сенат Ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой хэргийг шүүх хуралд нэмэлт гэрч оролцуулах эсэх асуудлаар санал хураалт явуулсан байна. Бүгд найрамдах намын олонхийг бүрдүүлж байгаа сенат дахин баримт нотолгоо цуглуулахын эсрэг санал өгчээ. Ингэснээр Цагаан ордны тэргүүн Дональд Трампыг албан тушаалаас нь буулгах эсэх асуудлаарх эцсийн санал хураалтыг ойрын хугацаанд явуулах боломж бүрдээд байна.
Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад хариуцлага оногдуулах эсэх асуудлаарх шүүх хуралд нэмэлт гэрчийг оролцуулах шийдвэр гарсан бол сенатын хуралдаан ирэх долоо хоногт дуусахгүй нь тодорхой байсан юм. Ардчилсан намынхан шүүх хуралдаанд АНУ-ын Аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоныг нэмэлт гэрчээр оролцуулахыг уриалж байсан юм. Ерөнхийлөгчид хариуцлага оногдуулах эсэх асуудлаарх шүүх хуралд шинэ гэрчийг оролцуулах эсэх асуудлаар санал харуулт баасан гарагт болж, Бүгд найрамдах намын 51 гишүүн эсэргүүцсэн бол 49 гишүүн дэмжсэн саналыг өгчээ.
Бүгд найрамдах намаас сенатч Мит Ромней болон Сусан Коллинс нар шинэ гэрчийн мэдүүлгийг сонсохын төлөө санал өгчээ. Гэвч олонхийн саналаар Ерөнхийлөгч Дональд Трампын хэргийг шүүхэд шинэ гэрчийг оролцуулахгүй нь тодорхой болж, ирэх лхагва гарагт сенат Цагаан ордны тэргүүнийг албан тушаалаас нь буулгах эсэх асуудлаар эцсийн санал хураалтыг явуулахаар төлөвлөсөн байна. Сенатын гишүүдийн гуравны хоёрын саналаар Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх боломжтой.
Гэхдээ Дональд Трампын Бүгд найрамдах намынхан олонхийг бүрдүүлж байгаа сенат Ерөнхийлөгчийн эсрэг зогсохгүй гэдэг нь баасан гарагийн нэмэлт гэрчийн мэдүүлгийг сонсох, эсэх санал хураалтаас тодорхой харагдлаа гэдгийг шинжээчид онцолж байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийг хоёр ч хэрэгт буруутгаад байгаагийн нэг нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Украины Ерөнхийлөгчид дарамт шахалт үзүүлсэн гэх зүйл анги юм. Үүнээс гадна Дональд Трампыг Конгрессын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, түүнтэй холбоотой хэргийг мөрдөхөд саад учруулсан гэж буруутгаж байна. АНУ-ын Аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон одоогоор хэвлүүлээгүй байгаа номондоо Дональд Трамп Украины удирдлагуудад шахалт үзүүлэх талаарх заавар, чиглэлийг түүнд өгч байсан талаар бичсэн нь ил болж, шуугиан дэгдээгээд байгаа юм.
Жон Болтон Ерөнхийлөгч Дональд Трампыг Украины удирдагчдад дарамт шахалт үзүүлсэн гэх хэргийн хамгийн чухал гэрчээр нэрлэгдэж байсан ч түүнийг сенатын шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Ерөнхийлөгчийн намынхан сенат дахь олонхийг бүрдүүлэгч давуу байдлаа ашиглан гаргажээ.
| Дональд Трампыг шүүх хуралд нэмэлт гэрч оролцуулахгүй | ||
| Үзсэн: 1277 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.