
Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Морин хуур-33" наадамд 100 гаруй бүтээл бүртгэгджээ.
Тодруулбал мэргэжлийн дуу 39, нийтийн дуу 52, эстрад дуу 17 бүртгэгдсэн байна.
Уг наадам нь 1987 оноос хойш олны хүртээл болж, анхны эзнээр Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж “Монгол далай” дуугаараа тодорч байсан бол дараа жилийн наадамд Б.Магсаржав “Зүүдэн бороо” дуугаараа тэргүүлж байв.
Тус наадам мэргэжлийн, нийтийн дуу, эстрад гэсэн төрөлд өрсөлддөг журамтай. Бүртгэл өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд хаагдаж, эхний шалгаруулалт энэ сарын 1-2-нд болох байсан ч БНХАУ-д гарсан короновирусын тархалт газар авсантай холбоотойгоор түр хойшлуулаад байгаа билээ. Ийнхүү одоогоор чухам яг хэзээ болох нь тодорхойгүй байна.
МХЗХ-ны ерөнхийлөгч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын оронд хөгжмийн зохиолч Г.Батхуяг саяхан сонгогдсон тул энэ жилийн наадмыг шинэ зохион байгуулалттай, шудрага өрсөлдөөнтэй болно байх хэмээн оролцогчид хэлж байна.
Мөн орон нутгаас олон хөгжмийн зохиолч бүртгүүлснээс гадна үзэгчтэй концерт хэлбэрээр зохион байгуулах гэж байгаа нь илүү шударга болно гэж үзэж буй.
Мөн ажиглагч шүүгчдийг ч хамруулахаар болжээ.
Сонирхуулахад, өнгөрсөн жилийн наадмын гран при шагналын эзнээр хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц тодорч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн, морин хуурын дүрс бүхий цул мөнгөн шилжин явах цом гардан авсан юм.
Уг дууг гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Л.Ган-Эрдэнэ /Камертон/ нар амилуулсан юм.
Дэд байрт хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл "Залбирал" дуугаар эстрадын төрөлд оролцож, тус шагналыг хүртэв. Эл дууны шүлгийг Л.Оюун-Эрдэнэ бичжээ.
Дашрамд дуулгахад, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, Х.Мөнх-Ертөнц нар төрсөн ах дүү хоёр юм.
“Морин хуур-33” наадамд 100 гаруй бүтээл бүртгэгджээ | ||
Үзсэн: 935 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.