Шууд Chart

Иргэний бүртгэлийн таван үйлчилгээг хорооноос авах боломжтой

2014-03-26 08:38:49

Нийслэлээс хэрэгжүүлж буй  “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг ойртуулж, хөнгөн шуурхай болгох,  хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн захиргаа Улсын бүртгэлийн Ерөнхий газартай хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Нийслэлийн Засаг дарга, УБЕГ-ын даргын хамтарсан захирамж, тушаалаар улсын бүртгэлийн зарим үйлчилгээг хорооноос үзүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг нийслэлийн хороодыг үе шаттайгаар шилэн кабелиар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох ажлыг хийж байгаа бөгөөд эхний ээлжинд холбогдсон 42 хороонд улсын бүртгэлийн таван төрлийн үйлчилгээг хийхээр боллоо.

Хорооны улсын бүртгэгч өнөөдрийн байдлаар шилжилт хөдөлгөөний, иргэний байнгын оршин суугаа газрын бүртгэл, төрсний гэрчилгээний нөхөн олголтыг хийж байгаа юм. Харин нийслэл, УБЕГ-ын хамтын ажиллагааны дүнд дөрөвдүгээр сараас гэрлэсний, гэрлэлт цуцласны, гэрлэлт сэргээсний, иргэний үнэмлэх дахин олголтын, нас барсны бүртгэлийг хорооноос олгохоор болжээ.
Нийслэлийн 152 хороог энэ ондоо багтааж Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбохоор төлөвлөснөөс гадна зайлшгүй шаардлагатай олон үйлчилгээг нэмж үзүүлэх боломжийг бүрдүүлэхээр хамтарсан ажлыг хэсэг ажиллаж байгаа ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Иргэний бүртгэлийн таван үйлчилгээг хорооноос авах боломжтой  
Үзсэн: 975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй