
Монголын түүхийн үе үеийн онцлогийг тусгасан дүрслэх урлагийн бүтээл Төрийн ордонд олон. Тэдгээрийн нэг нь саяхан дуулианы гол бай болоод байсан “Эх орон” хэмээх ханын чимэг зургийг 1986 онд бүтээлцсэн гобелен урлагийн зүтгэлтэн Д.Ариунгэрэлээс тодруулав.
Дүрслэх урлагийн дунд сургууль дүүргэж, Монументаль чимэглэлийн үйлдвэрт олон жил ажилласан тэрбээр эдүгээ Монголын балетын хувцасны анхны “90 хэм” үйлдвэрийн загвар зохион бүтээгчээр ажиллаж байна.
Тэрбээр дээрх ханын чимэг зургийг “Энэ бол хивс биш. Ханын чимэг. Газар дэвсэж болохгүй. Хивсийг нэг л технологиор хийдэг бол гобеленд хязгаар үгүй. Орчин үед зөвхөн утас биш, даавуугаар ч хүссэнээ хийж болно. Эвхэгддэг л бол юу л бол юугаар санаагаа илэрхийлж болдог болсон. Тэгээд ч Гобелен гэж, энэ урлалыг урлаг болгон хөгжүүлэх суурийг тавьсан хүний нэр учраас орчуулж болохгүй. Дэлхийн аль ч улс оронд гобелен л гэдэг. Манай Дүрслэх урлагийн дунд сургуульд Зөвлөлтийн мэргэжилтэн Самушкин багш хичээл заадаг байлаа. Түүний эрдмийг Репиний академийн төгсөгч Я.Туяа багш өвлөж авсан бөгөөд анги удирдан төгсгөж ирсэн юм. Анхны төгсөлт нь 1976 онд болж байв. Түүний дараа 1978, 1982 оныхон байдаг. Манай анги бол 1982 оны төгсөлтийнхөн. Үүнээс хойш нэг анги дүүргэсэн байх аа. Цөөн оюутан төгсдөг болохоор энэ чиглэлд мэргэшсэн уран бүтээлч улсын хэмжээнд 20-иод л бий болов уу. Манай ангийнхнаас гэхэд өөд болсон хүн хэд хэд бий. Одоо цөөхүүлээ. Мэргэжлээрээ ажилладгаас Эрдэнэтийн Батбилэг байна. Гобелен урлал Европт үүссэн. Эртний Грек, Ромд чулуун барилгуудаа хананаас нь дулаалах зорилгоор ноосоор ийм эдлэл хийж, хэрэглэж байжээ. Яваандаа уран зураг орлуулах чимэглэлийн урлаг болгон хөгжүүлсэн. Товчхондоо, ноосон утас хэлхэж, шахаж, нягтруулж зураг болгодог урлаг. Орчин үед түрүүн хэлсэнчлэн эвхэгддэг материал болгоноор хүссэнээ урлаж байна. Саяхан Төрийн ордонд үзэсгэлэн худалдаа болоход хэд хэдэн газар хадаас зоосон байна билээ. Одоохондоо анзаарагдахгүй байж болно. Яваандаа хөврөөд ирнэ” гэсэн юм.
Д.Ариунгэрэл: Одоохондоо анзаарагдахгүй ч яваандаа хөвөрнө | ||
Үзсэн: 1119 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.