
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны 83 дугаар их хурал Унгар Улсын нийслэл Будапешт хотноо боллоо.
Тус улс энэхүү арга хэмжээг гурав дахь удаагаа зохион явуулсан бөгөөд дэлхийн 111 орны төлөөлөгч чуулсан уг их хуралд “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг зохион байгуулагч “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн төлөөлөгчид оролцсон юм.
Тодруулбал “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын гүйцэтгэх хорооны гадаад харилцааны захирал П.Буяндэлгэр, гүйцэтгэх хорооны зөвлөх Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ж.Отгонцагаан нар юм.
Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн хүрээнд спортын 25 төрөлд зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын бүтэц, зохион байгуулалт, хөтөлбөрөө дэлхийн спортын сэтгүүлчдэд танилцуулжээ.
Энэ үеэр олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Жанни Мерло, Ерөнхий нарийн бичгийн дарга Юрий Оснец нар наадмын үеэр Монгол Улсад айлчилна гэдгээ илэрхийлсэн байна.
Ирэх есдүгээр сарын 13-20-ны хооронд зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын нэгэн хөтөлбөр нь “Yong reporter” буюу “Залуу сэтгүүлч” юм.
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо энэхүү хөтөлбөрт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа ч сая болсон арга хэмжээний үеэр дуулгажээ.
Энэхүү хуралд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, дэд ерөнхийлөгч Б.Цагаанбаатар нар төлөөлөгчөөр оролцлоо. Монголын спортын сэтгүүлчдийн холбоо 1992 онд буюу олон улсын спортын сэтгүүлчдийн 55 дугаар их хуралд гишүүнээр элссэн түүхтэй юм.





Олон улсын спортын сэтгүүлчид “Ногоон наадам”-д ажиллана | ||
Үзсэн: 929 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.