Шууд Chart

“Бөгтөр ЖДҮ” нэртэй ном уншигчдын гарт хүрлээ

2020-02-07 08:18:34

Сэтгүүлч Б.Бямбасүрэн, З.Цэлмэг нарын бичсэн “Бөгтөр ЖДҮ” нэртэй ном уншигчдын гарт хүрлээ.

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-оос санаачлан гаргасан уг номын ерөнхий редактораар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн И.Ренчинханд ажилласан байна.

Уг бүтээлийн өмнөтгөлд “Бид энэ номонд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хулгай хийх боломжийг эрх баригчид яаж бүрдүүлсэн, хэрэг нь хэрхэн ил болсноос эхлээд нийгэмд бий болж буй эерэг өөрчлөлтүүд, цаашдаа нийгмийн дундаж давхаргыг авч явдаг ЖДҮ-ийг хэрхэн харж, хөгжүүлэх хэрэгтэйг, ЖДҮ-ийг өрхийн үйлдвэрлэл төдийхнөөр харах уу, технологийн эринд гигантуудыг төрүүлэх суурь болгох уу гээд бүхий л асуудлыг цогцоор нь гаргаж тавихыг хичээлээ” хэмээсэн байна.

Номын зохиогчид “Монгол Улсад бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 78 мянга орчим аж ахуй нэгж байгаагаас 60-аад мянга нь жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш ачааны хүндийг үүрч, нийгмийн ороо бусгаа нөхцөл байдал, хууль эрх зүйн тээг саадыг даван туулж, өсөж өндийхөөр зорьж яваа жижиг, дунд үйлдвэрлэгчдийг олон нийт төдийлэн анзаардаггүй, төрийн бодлогын гадна байсаар ирсэн.

Гэтэл жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихээр төсвөөс болон олон улсын төсөл хөтөлбөрийн шугамаар орж ирсэн санхүүжилтийг эрх мэдэлтнүүд цөлмөж, өөрсдөө халаасалдаг тухай хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлснээс хойш л ЖДҮ гэдэг үг илүү танил бас сортхиймээр сонсогдох болжээ. Энэ байдал 30 жил үргэлжилснийг уншигч та мэдэх үү.

Жижиг дунд үйлдвэрлэгчид маань дарагдаж, нугачуулж, бөгтийж байгаа ч хэрээрээ тэмцэн зүтгэсээр байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хууль бус зарцуулалт, дуулиан дэгдсэнээс хойш жижиг, дунд үйлдвэрлэл эрхчлэгдийн хувьд дэндүү хатуу тийм нэгэн түүхийн гэрч болон та бид амьдарч буй билээ. Тэгвэл энэхүү үнэнийг бодитоор нь нэмэлт, хачиргүй эмхэтгэв” гэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Бөгтөр ЖДҮ” нэртэй ном уншигчдын гарт хүрлээ  
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй