Шууд Chart

Энэ өдөр яруу найрагч Р.Чойном төржээ

2020-02-10 11:03:21

Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсан Хэнтий аймгийн Дархан сумын Бор ухаа гэдэг газар 1936 оны энэ өдөр эцэг Рэнчингийн 31, эх Рэгзэнгийн 26-ны жил дээр төржээ.

Эцэг эхээсээ тэрээр Чойномусурияа нэрийг өргөмжлөн авсан хэдийч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ алдаршсан юм.

Бага сургуулийн дөрөвдүгээр ангийг онц дүнтэй төгссөн боловч дунд сургуулийн зургадугаар ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагүй гэдэг. Түүний олж авсан боловсрол мэдлэгийн түвшин энэ ажгуу.

Гэвч тэрээр өөрийн хичээл зүтгэл, авъяас билгийнхээ хүч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, Орос, Казак, Монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, Казак, Монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг болжээ. Мөн зураг зурж, баримал сийлбэр бүтээж, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан нэгэн бээр билээ.

"Гал морин цаг", "Залуу нас", "Сүмтэй бударын чулуу", "Тал", "Улаан дэвтэр", "Хүн" зэрэг бүтээл туурвиж, 1990 онд Монгол Улсын төрийн шагнал цолыг нэхэн олгосон юм. Харин 1979 оны дөрөвдүгээр сарын 24-нд 43 насандаа тэнгэр болов.

Тэрээр төрсөн өдөртөө зориулж, хэд хэдэн шүлэг бичсэнээс доорхи шүлгийг сонгон толилуулья.

Төрсөн өдрийн шүлэг

Сэргэлэн цовоо явахад хад чулуу хүртэл дуулна
Сэтгэл эмзэглэх үед гитар хүртэл уйлна
Өнгөтэй өөдтэй явахад бусдын эхнэр ч дагана
Өвдөж зовохын цагт бурхан хүртэл зугтаана

Ахархан жаргалаа хүмүүс ч зуун жил гэж эндүүрдгээс
Амьдралын хэдэн жилд зунаасаа намар нь элбэг
Өргөл ихтэй хорвоог хүн найрын ширээ шиг андуурдгаас
Өөрт нь оногдох цөөн жилд намраасаа өвөл нь элбэг

Бараан толбыг нь бодоод байвал энэ орчлон таг харанхуй
Баяр зугаагий нь дагаад байвал эргэн тойрон дандаа зун!
Мөнхийн зунаар нь цэнгэх гэвэл мөнгө болоод ухаан хэрэгтэй
Мөстэй өвөлд нь дааръя гэвэл мөрөөрөө шударга явах хэрэгтэй

Ялзрал ихтэй хорвоогийн явдал паянг нь тунгааж бичсэн нь
Яруу найрагчийн түүхэнд ганцхан би бишээ.
Тэр бүхнийг мэдсээр байж тэргэн дугуйнд нь хэрчүүлэгч
Тэсгэлгүй шүлэгчийн тоонд би бас ганцаар биш!

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Энэ өдөр яруу найрагч Р.Чойном төржээ  
Үзсэн: 4478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй