Шууд Chart

Цогт эх оронч, яруу найрагч О.Дашбалбар агсан энэ өдөр төржээ

2020-02-10 11:19:38

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч Очирбатын Дашбалбар 1957 оны хоёрдугаар сарын 10 буюу энэ өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төржээ.

Тэрээр нутагтаа бага дунд сургууль, Омскийн хөдөө аж ахуйн ТМС, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг тус тус төгсчээ.

1985 оноос Монголын зохиолчдын эвлэлийн гадаад харилцааны мэргэжилтэн, “Утга зохиол урлаг” сонины ажилтан, 1990 оноос МҮЧЗЭ-ийг байгуулж, тэргүүлэгч даргаар нь ажиллаж байв.

О.Дашбалбар дунд сургуульд байхаасаа шүлэг зохиол бичиж, улмаар Монголын яруу найргийн сод билигт төлөөлөгч нь болсон юм.

“Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бурханы мэлмий”, “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” зэрэг яруу найргийн ном хэвлүүлж, Монголын утга зохиолд мөнхийн суварга бүтээсэн юм.

Тэрээр бурхан шашин, соёлын өвийг хамгаалах, дэлгэрүүлэх, сэргээх, хийгээд Монголын газар шороо, нийгмийн баялаг, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахад амь амьдралаа зориулсан нийгэм, соёл,шашин, улс төрийн гарамгай зүтгэлтэн байлаа. 2007 онд “Оюун санааны яруу найраг” ном нь хэвлэгдсэн бол “Гол ус намуухан урсана”, “Газрын төлөөх тулалдаан эхэллээ”, “Оюуны санааны яруу найраг” номыг нь Английн Монголын уран зохиол судлаач, орчуулагч Саймон Вэккхам Смит англи хэлнээ орчуулан хэвлүүлсэн юм.

Монгол улсын шинэ үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатаас гадна Сүхбаатар аймгийн 63 дугаар тойрогт УИХ-ын гишүүнээр сонгогдож, Монголын парламентэд ард түмний дуу хоолойг илэрхийлж байлаа. Харин 1999 онд зуурдаар нас барсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Цогт эх оронч, яруу найрагч О.Дашбалбар агсан энэ өдөр төржээ   
Үзсэн: 3267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй