Шууд Chart

Уран нугараач О.Цэцэглэн усан онгоц дээр уран бүтээлээ хүргэнэ

2020-02-11 15:24:39

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, уран нугараач О.Цэцэглэн жуулчдад зориулсан усан онгоц дээр уран бүтээлээ хүргэхээр энэ сарын 15-нд хүлгийн жолоо залах гэж байна.

Тэрбээр Италийн “MSC” компанийн “Bellissima” нэртэй усан онгоц дээр “Нарны цирк” багт харьяалагдах аж. Гэхдээ "Нарны цирк" баг нь усан онгоц дээр ердөө хоёр дахь жилдээ үзүүлбэр үзүүлэх гэж байгаа ч анх байгуулагдсан түүх нь 1980 оны эхэн үе юм байна. Түүнчлэн тус компани нь 20 гаруй усан онгоцтой бөгөөд хэдэн арван орны уран нугараачтай урт хугацааны гэрээ хийж ажилладаг гэнэ.

О.Цэцэглэнгийн хувьд эхлээд Дубай, АНЭУ, Катар зэрэг улсын далайд зорчихдоо долоон сарын турш ажиллах юм байна. Дараа нь Малайз, Тайван, Сингапур, Япон зэрэг Азийн орныг дамжин явах гэрээтэй байсан ч өдгөө гараад байгаа короновирусийн улмаас өөрчлөгдөх магадлалтай болоод байгаа аж.

“Нарны цирк”-ийн багт нь дуучин, жүжиг, бүжин зэрэг олон төрлийн авьяастан багтдаг агаад Монголын циркчид усан онгоц дээр уран бүтээлээ толилуулаад аль хэдийнээ 15 жилийн нүүрийг үзээд байгаа юм байна.

О.Цэцэглэнг товч танилцуулахад, Үндэсний урлагийн их театрт 2009-2017 оны хооронд ажиллаж байгаад сүүлийн хоёр жил Берлины “Friedrichstadt-palast” театрт жилийн гэрээтэй ажиллаж, Германд жил амьдарч байгаад Монголдоо түр ирээд байгаа гэнэ.  

Тэрбээр найман настайгаасаа уран нугаралтаар хичээллэж эхэлснээс гадна нягтлан бодогч мэргэжилтэй аж. 2015 онд Монголд бие даасан анхны тайлан тоглолтоо “Могойн чуулган” нэртэйгээр 13 нугараачийн хамт хийж байжээ. Тухайн үед нугараачид тайлан тоглолт хийж байгаагүй тул үзэгчдэд маш сонирхолтой санагдсан байх гэв.

Энэ сарын эхээр Монголдоо дахин тайлан тоглолтоо хийх гэсэн боловч хөл хорио тогтоосон учир түр хойшлуулж, ирэх намар хийхээр төлөвлөжээ.  

Олон улсын томоохон таван тэмцээнд оролцохдоо дөрвөн хүрэл медаль, хоёр тусгай байрын шагнал хүртсэн байна.  

 

 























Нийтэлсэн: У.Баярсайхан

Уран нугараач О.Цэцэглэн усан онгоц дээр уран бүтээлээ хүргэнэ   
Үзсэн: 2030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй