
Японы Кюүшюү аралд зохиогдсон 64 дэх удаагийн уламжлалт “Беппу-Ойта” олон улсын марафонд Монголын үндэсний шигшээ болон “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин Ц.Бямбажав 2 цаг 09 минут 03 секундийн амжилтаар тавдугаар байр эзэлж, “Токио-2020” олимпын наадамд оролцох болзлоо биелүүллээ.
IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбоо нь олимпод оролцох тамирчдад entry mark буюу норматив тавьдаг. Уг болзлыг биелүүлбэл олимпод оролцох хаалга нээгддэг гэсэн үг юм.
“Токио-2020” олимпын марафон гүйлтэд эрэгтэйд 2 цаг 11 мин 30 секунд, эмэгтэйд 2 цаг 29 мин 30 секундээс дотогш амжилт үзүүлсэн тамирчид олимпод оролцох эрх авах юм.
Манайхаас өмнө нь марафонч Б.Мөнхзаяа мөн олимпын наадамд оролцох болзлоо биелүүлсэн бөгөөд “Токио-2020” олимпын наадам Монголын хөнгөн атлетикчдийн хувьд 11 дэх нь болох юм.
1952 оноос анх зохиогдож эхэлсэн “Беппу-Ойта-2020” марафонд Марокко Улсын тамирчин Хамза Сахли 2:08:01 амжилтаар түрүүлж, Этиопийн Абдела Годана 2:08:06 -аар мөнгө, Японы Ёшида Юяа 2:08:30 гүйж хүрэл медаль хүртжээ.
Ц.Бямбажав “Токио-2020” олимпын наадамд оролцох болзлоо биелүүллээ | ||
Үзсэн: 489 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.