![](/uploads/201403/news/thumb/1c7cf11708e2f8afa5867d4914573370_x3.jpg)
"Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-аас нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, шилдэг тохижилттой аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах "Хөгжлийн түлхэц-2014" уралдааныг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжүүдийн дунд зарлалаа.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд эзэмшил, ашиглалтдаа байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийх, улмаар нийтийн эзэмшлийн зам талбай, эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хамгаалалтыг хариуцна гэж заасан байдаг. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах, аж ахуйн нэгжийн идэвхтэй оролцоонд тулгуурлаж, хамтын хүчээр нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгах зорилгоор уг уралдааныг зарласан байна.
Аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулж, цэвэрлэгээг тогтмолжуулах, эзэмшил талбайдаа ногоон байгууламж байгуулж, арчилгаа, цэвэрлэгээ, усалгааг тогтмол хийж гүйцэтгэх, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүр арилган, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллах төдийгүй дээрх гурван нөхцөлийг иж бүрэн хангасан байх шаардлагатай аж.
Уралдаанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд онлайнаар болон Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн төв байранд ирж бүртгүүлснээр уралдаанд оролцох боломжтой болно. Аж ахуйн нэгжүүдийг НҮУБН-ийн удирдлага болон Дотоод хяналтын мэргэжилтнүүд, олон нийтийн санал бодолд тулгуурлан жилийн эцэст нэг удаа шалгаруулах бөгөөд цаашид уламжлал болон зохион байгуулах юм. Тогтоолоор хүлээсэн үүргээ үлгэр жишээ биелүүлж ажилласан албан байгууллага, аж ахуйн нэгжийг 5-15 сая төгрөгөөр урамшуулж олон нийтэд сурталчлах ажээ.
Шилдэг тохижилттой аж ахуйн нэгжийг шалгаруулна | ||
Үзсэн: 1035 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.