Сэлэнгэ аймгийн Хушаат сумын харьяат, аймгийн аварга малчин С.Сүхдаваагийнх Тарвагатай хэмээх газар өнтэй сайхан өвөлжиж байна.
“Малаа жаргааж чадсан хүн өөрөө жаргадаг” гэсэн өвөг дээдсийн сургаалийг хэрэгжүүлж чадсан залуу малчдын нэг билээ. Үнэхээр ч малаа хайрлаж чадвал мал сүрэг нь өсөхийн зэрэгцээ буян хишгээ ч харамгүй хайрладаг гэдгийг тэдний ажил амьдралаас харж болно.
Наймдугаар ангиа төгсөөд илгээлт өвөрлөн малчин болсон тэрбээр өдгөө хүртэл 30-аад жил тасралтгүй мал маллаж, аймгийн аварга гэсэн алдар хүндийн эзэн болжээ. Хүн ер нь өмнөө зорилго тавьж, түүнийхээ төлөө шантралгүй зүтгэж чадвал үр дүнгээ үздэг гэдгийг С.Сүхдаваа яриандаа онцолж байсан юм.
Тэрбээр өндөр ашиг шимтэй таваарлаг мал аж ахуйг сонгон арга ухааныг нь олж ажиллахыг хичээж явна. Энэ ч үүднээс Казахын цагаан толгойт буюу герфорд үүлдрийн үхрийг үржүүлж эхэлсэнээс гадна хонио торгууд үүлдрээр сайжруулжээ. Малынхаа ашиг шимийг сайжруулахын зэрэгцээ тоо толгойг нь бэлчээрийн даацдаа тохируулан тодорхой тоонд барих зорилгоор жил бүр 300-аас 400 малыг эдийн засгийн эргэлтэнд оруулдаг гэнэ.
Тэднийх зургаан жилийн өмнөөс Тарвагатайд ирж өвөлжижээ. Энэ хугацаанд өвөлжөөндөө граш бүхий тохилог орон сууц, малын битүү хашаа, өвсний саравч зэрэг өөрсдөдөө болон малдаа шаардлагтай бүхий л барилга обьектыг барьсан нь тохь тухтай өвөлжих бололцоог бүрэн хангасан байна.
С.Сүхдаваагийнх гэр интернет, гар утас гээд орчин үеийн мэдээллийн хэрэгслэлийг бүрэн ашиглахаас гадна төв суурин газрын ямар ч айлаас дутахааргүйгээр гэр орноо тохижуулсан нь гэрийн эзэн болон эзэгтэй нарын ажилсаг, хөдөлмөрч чанрын илрэл юм.
Залуучууд ямар ч ажлыг голж шилэлгүйгээр тууштай хөдөлмөрлөж чадвал өөрийн гэсэн тохь тухтай амьдралыг бүтээж, сэтгэл хангалуун аж төрөх боломжтой гэдгийг С.Сүхдаваа ярианыхаа төгсгөлд онцлов.
| С.Сүхдаваа: Малынхаа үр шимээр тохьтой амьдрах боломжтой | ||
| Үзсэн: 693 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.