Японы Иокогама хотын боомтод өнгөрсөн 3-ны өдрөөс хойш тусгаарлагдаад байгаа “Diamond princess” нэртэй аялал жуулчлалын хөлөг онгоцонд байсан иргэдээ АНУ тусгай онгоцоор нүүлгэн шилжүүлээд байна. Нийт 2 тусгай үүргийн онгоцоор 300 гаруй жуулчныг нүүлгэн шилжүүлсэн байна.
Аялал жуулчлалын тус хөлөг онгоц дэлхийн 50 гаруй орны 3700 зорчигч, багийн гишүүнтэй явж байсан юм. Гэвч шинэ коронавирусний халдвар авсан
Хонконгийн нэг аялагч тус хөлөг дээр аялж явснаас халдвар тархаж сүүлийн мэдээгээр нийт 454 тохиолдол батлагдаад байна. Америкийн нийт 400 орчим аялагч энэ хөлөг онгоцон дээр явж байгаад хөл хорионд орсны дотор 62 нь вирусний халдвар авсан нь оношлогдоод байна. Нүүлгэн шилжүүлэлтэд вирус илрээгүй иргэдийг л хамруулсан байна.

Нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан иргэдийн онгоцнууд Техас дахь агаарын цэргийн бааз дээр газардаад байна. Аялагчдыг Америкт дахин 14 хоног хөл хорионд оруулж биеийнх нь байдлыг хянах юм байна. Энэ хооронд Японы засгийн газрын шийдвэрээр Хятадын Хубэй мужаас 5 дахь онгоцоо илгээж иргэдийг нүүлгэн шилжүүлээд байна. Ухань хотоос ниссэн Японы онгоц Ханэда нисэх буудалд өнөө өглөө 7 цагт газардсан байна. Энэ онгоцоор Японы 36, Хятадын 29 иргэнийг Токиод авчирсан байна. Ийнхүү Япон улс нийт 763 хүнийг Хубэй мужаас нүүлгэн шилжүүлээд байна. Харин Малайзын эрх баригчид аялал жуулчлалын Вестэрдам хөлөг онгоцны зорчигчдыг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэснээ зарлаад байна.

Вэстэрдам хэмээх тус хөлөг онгоцоор аялж явсан Америкийн өндөр настан шинэ коронавирусний халдвар авсан нь батлагдсан юм. Гэхдээ халдварын шинж тэмдэг түүнийг нөхөртэйгээ хамт Куала Лумпур хотод нисч ирсний дараа илэрсэн юм. Вирусний халдвар илэрсэн эхнэрийг нь эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа бол нөхрөөс нь 2 ч удаагийн шинжилгээ авсан ч хариу нь сөрөг гарсан байгаа юм байна. Гэхдээ түүнийг ч бас тусгаарлан биеийн байдлыг нь хянаж байгаагаа Малайзын эрх баригчид мэдэгдэж байна.





| АНУ “Diamond princess” хөлөг онгоцноос 300 гаруй иргэнээ нүүлгэн шилжүүллээ | ||
| Үзсэн: 962 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.