Дэлхийн хамгийн баян хүн гэгдэг Амазон компанийн захирал Жефф Безос уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд 10 тэрбум ам.долларыг зарцуулах амлалтыг өгсөн байна. Тэрээр уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтэд учирч байгаа хамгийн том заналхийлэл гэдгийг онцолжээ.
Безос уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах талаарх судалгаа хийж байгаа эрдэмтэд, тэмцэгчид болон бусад байгууллагуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. Тэрээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд зориулах 10 тэрбум ам.доллараа ирэх зунаас олгож эхлэх юм. Дэлхийн хамгийн баян хүн болох Жефф Безос инстаграм хуудсандаа, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд ашиглагдаж буй өнөөгийн арга хэлбэрүүдийг улам хөгжүүлэх, мөн шинэ санал санаачлагыг дэмжин ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Бид дэлхий ертөнцөө аварч чадна. Энэ нь томоохон корпорацууд, жижиг аж ахуй нэгжүүд, төр засаг, олон улсын байгууллагууд болон иргэдээс хамтын үйлдэл, тэмцлийг шаардаж байна. Дэлхий бол бид бүгдийнх юм. Хамтдаа дэлхий ертөнцөө хамгаалья” гэж жиргэжээ. Жефф Безос нь нийт 130 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэгддэг.
Түүний уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд зориулах 10 тэрбум ам.доллар нь нийт хөрөнгийнх нь 8 хувь дүйцнэ. Жефф Безос ийнхүү дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлд нэгдэж байгаа нь Амазон компанийн ажилчдын хүсэлт, уриалгатай холбоотой гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолжээ. Үүнээс өмнө буюу 2018 тэрээр орон гэргүй иргэд болон сургуулиудад туслах зорилгоор 2 тэрбум ам.долларыг хандивлаж байжээ.
| Жефф Безос уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 10 тэрбум ам.долларыг зориулах амлалтыг өглөө | ||
| Үзсэн: 631 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.