Шууд Chart

Багануур дүүргээс орж, гарах замыг битүүнээс шинийн дөрвөн хүртэл хаана

2020-02-21 10:16:08

Багануур дүүргийн орж, гарах замыг битүүний өдрийн 08.00 цагаас шинийн дөрөвний 08.00 цаг хүртэл хаах шийдвэр гарчээ.

Улсын онцгой комисс хуралдахдаа сар шинийн баярын өдрүүдэд хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаах эсэхийг хэлэлцсэн юм. Улсын онцгой комисст 13 аймгийн Онцгой комиссын даргаас санал ирүүлжээ.

Тодруулбал, битүүн, шинийн 1-3-ны өдрүүдэд улс хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах хүсэлт ирүүлсэн байна. Тиймээс Улсын онцгой комиссоос энэ сарын 23-ны 08.00 цагаас 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хаах шийдвэр гаргалаа.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Хөдөлгөөнийг Замын цагдаагийн газрын Тээврийн цагдаагийн албатай хамтарч хянана. Аймгийн Засаг дарга нар Онцгой комиссын гишүүн учраас үүрэг даалгавар авсан. Онцгой комиссынхон хамтарч ажиллана” гэв.

Мөн энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Зам хаах шийдвэр нэгэнт гарсан. Ойрын өдрүүдэд цас орохоор байна. Хулгайн замаар зорчиж, цасанд сууж өөрийнхөө болон хамт яваа зорчигчдынхоо эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй байхыг жолооч нарт анхааруулъя. Ийм байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Хулгайн зам ашиглахгүй байхыг онцлон анхааруулъя” гэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Багануур дүүргээс орж, гарах замыг битүүнээс шинийн дөрвөн хүртэл хаана  
Үзсэн: 1178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй