
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, сэтгүүлч, яруу найрагч Жигжидсүрэнгийн Нэргүйн Егор Фёдорович Тимковскийн “1820-1821 Монгол” нэртэй ном
“Шороон гахай жилийн шилдэг ном”-ын нэгээр шалгарчээ.
Уг шалгаруулалтыг Монголын Үндэсний номын сан, Монголын Зохиолчдын эвлэл, “MNC” телевиз хамтран уншигч, судлаачдын оюуны цангааг тайлах эрхэм бүтээлүүдийг шалгаруулдаг уламжлалтай билээ.
Тимковский нь 1820 оны намар Хүрээгээр дайран урагшаа, 1821 оны зун мөн Хүрээг дайран хойшоо гарах хугацаандаа тухайн үеийн Монгол орны эдийн засаг, нийгмийн бүх л салбарт хийсэн ажиглалтаа дэлгэрэнгүй тэмдэглэн үлдээсэн байдаг.
Ингэхдээ угсаатны зүй, хэл соёл, цэрэг цуух, Хиагтаас Бээжин хүрэх бүх өртөөг нарийвчлан тодорхойлж, уншигчдад зориулсан задгай, энгийн бичлэгтэй, Монгол нутаг, монголчуудад гүн хүндэтгэлтэй ханддаг сэтгэл нэвт шингэсэн, адал явдалт зохиолын хэмжээний аян замын тэмдэглэл туурвисан юм.
Уг алдартай бүтээлийг дуун хөрвүүлсэн Ж.Нэргүй Орос, Америк, Польш, Герман, Францын зохиолч, яруу найрагч, нийтлэлч, сэтгэгчдийн 30 гаруй бүтээлийг Монгол хэлнээ буулгасан юм.
Тэр дундаа Польшийн Фердинанд Оссендовски, АНУ-ын Айн Рэнд, Оросын Эдуард Тополь, Владимир Высоцкий, Михаил Веллер, Владимир Войнович нар болоод Иракийн ерөнхийлөгч агсан Саддам Хусейний бүтээлийг Монгол хэлэнд анх удаа орчуулсан байдаг.
Яруу найргийн “Ялалтын симфони” ном (1984), “Сэтгэл хазгар биш бол…” ном (2005), “Улс төр, эдийн засгийн нийтлэлийн Хөшүүрэг” (2004), уран сайхны хөрөг нийтлэлийн “Хүмүүсийн тухай роман” тэргүүн дэвтэр (2008), Эсээ нийтлэлийн “Ясан хуягт мэлхий их далайг зоримой”, “Задгай голдуу нийтлэлүүд”, (2013) Орчуулга-судалгааны “Осол сүйрлийн бага нэвтэрхий толь”, “Үхэл дагуулсан сүйрлүүд” дэлхийг болон Монголыг донсолгосон аймшигт сүйрлүүдийн тухай (2006), Барон Унгерний тухай “Од шингэдэггүй” кино зохиол (2010), Судалгаа-орчуулгын “Нууц товчооны Палладий Кафаров” зэрэг 30 орчим ном хэвлүүлжээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүйн бүтээл оны шилдгээр шалгарав | ||
Үзсэн: 1068 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.