Шууд Chart

Д.Пүрэвсүрэн: Монголчууд бид эрдэнийн чулуугаар мэндэлдэг сайхан өв соёлтой ард түмэн

2020-02-24 08:13:14

“Тэнгэрийн угалз” ХХК-ийн захирал, уран дархан Д.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. 20 гаруй жил уран дарх хийж буй түүнээс зөвхөн хөөрөг хэрхэн хийдэг болон ёс уламжлалтын талаар хөөрөлдөв.

-Ялангуяа цагаан сар дөхөхөөр хөөрөгний яриа ундардаг. Гэхдээ та урлангийнхаа талаар сонирхуулна уу?

-Монголчууд бид эрдэнийн чулуугаар мэндэлдэг сайхан өв соёлтой ард түмэн. Манай урлангийн хувьд эл өв соёлоо хадгалан хамгаалах, үр хойчдоо өвлүүлэн үлдээхийг чиг болгон үйл ажиллагаа явуулсаар өдий хүрлээ. Манай үйлдвэр жижиг гар урлалын үйлдвэрээс улбаатай. Социализмын үед Гар урлалын үйлдвэр гэж байсанд ээж маань чимэглэгч хийдэг байсан юм. Тиймдээ ч Монгол дарханы ур ухаан, уран нарийн хийц бүхий гар урлалын ертөнцөд өсч торниж, ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байсан юм. Улмаар Монгол Улсын начин, алдарт уяач, уран дархан Г.Ганхүү гэх хүнд миний бие 16 насандаа шавь орж байлаа. Түүнээс хойш 20 гаруй жилийг энэ их өв соёлынхоо дунд, дархан хүний бурхан ухаанд суралцаж өнгөрүүлжээ. Одоо ч суралцсаар л явна.

-Тэгэхээр анх алт, мөнгөний дарх хийхээс сурч эхэлсэн юм байна. Яг хөөрөг хийж эхэлсэн үеэ дурсвал?

-Хөөрөг хийх болсоор 10 орчим жил болж байна. Ерөнхийдөө манай урланд дан ганц хөөрөгнөөс гадна дарханы ажил ч хийгддэг л дээ. Тэр нь юу вэ гэхээр төрийн онцгой захиалга буюу бөхчүүд, уяачдын малгайн титэм, тэмдгийг албан ёсны эрхтэйгээр урладаг юм. Хүчит бөхчүүд, хүлэг сайн морьд гэдэг нэг талаас нүүдэлчин Монголчуудын хамгийн чухаг соёлын өв болохын дээр хөөрөг нь эдгээрийг ямагт дагаж явдаг. Тиймдээ Монгол ахуй, соёлын салшгүй үнэт өвийн нэг юм. Дээр нь, хөөрөгний чулууг өнгөт ба үнэт гэж ангилдаг бөгөөд эдгээр эрдэнийн чулуунууд нь өөрийн гэсэн энергитэй байдаг. Манайхан фэнг-шү гэдгээр нь мэдэх байх даа. Чулуу бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц шинж чанар, энерги агуулдаг. Мана чулуу л гэхэд 200 орчим төрөл байдаг ч бүгд өөр өөрийн шинж чанартай. Хар халтар мана л гэхэд хүч чадлын бэлэгдэл бол­дог бөгөөд биедээ тээж, эдэлж хэрэглэж яваа хүн огторгуй ертөнцөөс маш их энерги авч байдаг гэдэг. Чун мана буюу улаан хүрэн өнгөтэй мана чулуу онгод хийморь өгч, баяр баясал төрүүлж байдаг гэхчлэн чулуу бүр өөр өөрийн өвөрмөц, дахин давтагдашгүй энерги, шинж чанарыг агуулдагийн дээр өнгө, хэлбэр дүрс, хээ хуарын хувьд адилгүй. Ер нь, хөөрөгний үндсэн харь­цаанууд бий л дээ. Хүзүү нь ямар байх ёстой юм, ам, амс­рыг нь яаж гаргадаг юм гээд хөөрөг урлах дэг ёс гэж бий. Наанадаж хүзүү нь толгой, бөгстэйгөө харьцааны хувьд зохимжтой, амсар нь дотогш үл ялиг хүнхэр байх бол гуурс нь урт, тэгш хэмтэй байна гэхчлэн уран нарийн хийцтэй. Мөн дотор тал нь гадна талаасаа дутахгүй өнгөлгөөтэй байж гэмээнэ тунгалаг сайхан харагдана. Ёроол, суурь нь зөв, тэгш хэмтэй, жигд байх учиртай.

-Нуухны тухайд?

-Хөөрөгний нуух гэдэг чухал зүйл. Манай урлангийн хувьд хөөрөгний нуухыг өндөр төвшинд хүргэхийг зорьж байна. Мөнхөд ноён байхын бэлгэдэл болгож ноён сэврэй хээ ороож хийдэг л дээ. Ноён сэврэй гэхээр хүмүүс мөнгөн аяганы ёроол гэдгээр нь мэдэх байх. Энэ хээ нь Сэврэй сумын урчуудаас гаралтай, цул мөнгөөр эмээлдэж буюу азаргадаж хийнэ гэж ярьдаг. Энэ хээ өөрөө суурь сайтай учир мөнхөд ноён байхын бэлгэдэл хэмээдэг юм. Тиймээс манай урлан хөөрөгний нууханд өндөр ач холбогдол өгч, хамгийн суурьтай сэврэй хээ тавьж хийдэг юм. Түүнчлэн, хөөрөгний бас нэгэн чухал зүйл бол халбага. Амар амгалан, урт удаан жаргахыг бэлгэдэж зааны соёогоор хийх нь түгээмэл. Соёо маань өөрөө 10, 20 мянган жилээр насладаг, үнэт чулуунаасаа дутахааргүй бат бөх, хатуулаг чанартай зүйл юм. 20 гаруй мянган жилийн өмнөх арслан зааны соёо одоо ч хэвээрээ байж байдаг.

-Хүмүүс “алтан нуухтай хөөрөг” л гэж мэдэхээс яг нуухны ач холбогдол нь юу болохыг тэр бүр мэддэггүй санагддаг?

-“Хөөрөг толгойндоо, хүүхэн гэзгэндээ” гэх үг бий. Хөөрөгний сайхан нь зөвхөн эрдэнийн чулуундаа биш үнэ цэнэ оршдог зүйл нь толгой нь юм. Шүр гэдэг эрдэнэ өөрөө далайд ургадаг, чулуужсан мод юм л даа. Жилд дөрөвхөн мм ургадгийн хувьд маш ховорт тооцогддог. Орчин үеийн шинжлэх ухаан ч байгалийн шүрийг орчныг нь бүрдүүлэх замаар тарьж, ургуулж чадаагүй байна. Ийнхүү шүр болон эрдэнийн чулуу хоёрыг холбож буй зүйл нь нуух юм. Нэг ёсны хоёр эрдэнийг холбож, донж болж буй зүйл нь нуух. Тиймдээ ч үзэмж талаасаа нуух ямар байх нь чухал байдаг. Нуух зөв байж гэмээнэ хоёр эрдэнийн чулуу холбогдож, зүй зохистой харагддаг. Ер нь тэгээд хүн гэдэг амьтан цаг ямагт төгс төгөлдөр рүү тэмүүлсээр байдаг. Дээр хэлсэнчлэн үнэхээр сэтгэл шингээж, өөгүй урласан хөөрөг тэгш хэмийн төдийгүй ур хийцийн гайхамшиг гэгддэг. Хэлбэр хийц, чулуу, нуух, толгой гээд бүгд өөгүй, тэгш сайхан хосолж байж сая урлагийн бүтээл болно. Тиймдээ ч өөгүй үнэт эрдэнэд хүмүүс татагдаж, түүнээс бие, сэтгэлийн таашаал авдаг.

-Хөөргийг Монголчууд хэзээнээс анх барьсан гэж та боддог вэ?

-Би нарийн хэлж мэдэхгүй ч Хүннүгийг үеэс гэж холбогдох түүхэн баримт сэлтэд бичигдсэн байдаг. Тиймдээ ч энэ бол Монголчуудаас үүдэлтэй өв соёл. Өдгөө дэлхий дахинд эрдэнийн чулуу зөрүүлж мэнд ус мэдэлцдэг ард түмэн бий юу, байхгүй.

-Хөөргийг чулуу гэхээс илүү хийцээр нь насжилтыг нь тогтоох боломж илүү байдаг байх. Таны мэдэх хамгийн эртний хөөрөг хэдий үед холбогдож байна?

-1600 оны үеийн хөөрөгнүүд байдаг. Тэр үед холбогдох хөөрөгнүүд ёроол гэх юмгүй, их өвөрмөц, сонин хэлбэртэй. Гэхдээ гүйцэтгэл, ур хийц гэж ярих юмгүй. Ер нь, хөөрөг урлал 1800 оны үед өндөр төвшинд хөгжиж, соёл нь ч тэр чинээнд түгсэн байдаг юм билээ. Түүнээс өмнө чулуугаар нь элдэв эмчилгээ, дом хийдэг байсан баримт, ул мөр бий.

-Тэгвэл одоо цагт өв соёл гэ­хээсээ баярхал, чамирхлын хэрэг­лүүр болгосон нь их харагддаг?

-Баярхал гэхээр буруу үг юм л даа. Гэхдээ нэг талаас гайхалтай буян заяа, амны хишиг гэж хэлж болно. Магад тэр хүнд эцэг өвгөдөөс нь ч уламжилж ирсэн зүйл байж болно. Ер нь тэгээд өнгөрсөн 70 гаруй жилд бид өөрийн гэсэн хамаг л юмаа үгүйсгэж, үнэ цэнийг нь алдагдуулсаар ирлээ. Шашин нэрээр оюуны болоод эдийн маш олон өв соёл, түүх дурсгалын зүйлсээ устгаж үгүй хийсэн. Анзаараад байхад дэлхий дахинд тэр дундаа Азийн орнуудад байгалийн энергийг шашин шүтлэгээс дутахааргүй дээдэлдэг. Хөөрөг бол хэрэглээ, зориулалт нь л биежсэн төдий эрдэнийн чулуу шүү дээ. Нөгөөтэйгүүр урлагийн бүтээл. Хүмүүс мэдэх байх аа, хөөрөгний хоёр хажуу дээр зээ-бад гэх аманд нь цагираг зуулгасан арслан, барстай төстэй дүрс байдаг. Энэ бол арслан барс бус “аварга” гэгч амьтны дүрс юм. Хуучны хүмүүс нэрийг нь дуудахаас цээрлэж “сонин сайхан амьтан” гэх нь ч байсан юм билээ. Түүнээс манайхны дунд түгсэн шиг Манжууд Монголчуудыг бослого гаргавал эрүүг нь заана гэсэн ойлголт биш. Эл амьтан нь дөрвөн хүчитний шинжийг агуулсан, муу муухайг үлдэн хөөж байдаг нэг ёсны хамгаалагч сахиус юм. Гандан хийдийн хаалга, хөөргөн дээр зээ-бад байдгийг хардаг байх. Энэ нь муу муухайг оруулахгүй гэсэн бэлэгдлийн шинжтэй зүйл. Айл гэрийн авдарны цоож цуурга ч ийм дүрстэй байх нь элбэг. Тиймдээ ч, их энерги агуулж байдаг эрдэнийн чулуундаа зээ-бадаа дүрсэлж, элдэв муу муухайгаас хамгаалж байдаг юм. Язгууртан хүний хөөрөг зургаан бадтай байх нь бий. Мөн арслан мөртэй, 16 бадтай хөөрөг ч бий. Нэг талдаа 16 гэхээр нийт 32 бадтай хөөрөг гэсэн үг. Гэхдээ ихэвч­лэн зургаан бадтай байх нь элбэг.

-Чулуугаа та хаанаас авдаг вэ?

-Янз бүрдээ. Хөөрөг хийлгэх чулуугаа бариад ирэх нь их болохоор газар газраас л ирсэн байдаг. Жишээ болгоход, хамгийн сайн мана чулуу Монголоос элбэг олддог бол Оросын нутагт хаш түгээмэл. Бирмд л гэхэд дэлхийн хамгийн сайн пийсүү чулууны орд байх жишээтэй. Номин чулууны орд, олдоц Афганистанд их байхад Бразильд мана чулууны асар том нөөц байдаг. Энэ мэт дэлхийн бөмбөрцөгийг чулуулгийнх нь тархацын хувьд авч үзвэл харилцан адилгүй л дээ.

-Тэгвэл Монголчуудын хийж буй хөөргийг гадагш нь гаргах зах зээл бий юу?

-Англид хөөрөгний том дуудлага худалдаа болдог юм билээ. Тэр худалдаанд эртний, ховор нандин хий­хэд өвөрмөц ур хийцтэй хөөрөг­нүүд өндөр үнээр дуудагддаг. Бидний зүгээс тэр зах зээл рүү гарахаар багахан судалгаа хийж бай­на л даа. Хэлбэр, хийцийн хувьд арай өөр. Гэхдээ Монгол агуулгаа хадгалсан ганц нэг хөөрөг хийж байна.

-Хүмүүс хөөргөө захиалж хийл­гэх нь их байна уу эсвэл та­найд хийгдсэн бэлэн хөөрөг авах нь их үү?

-Ер нь чулуугаа авчраад захиалах нь их. Гэхдээ ач холбогдол талаасаа манай бэлэн хөөргийг авах нь нэг талаас ончтой тусдаг тал бий. Учир нь, бидний 10 орчим жилийн туршлагын үндсэн дээр “Энэ чулуу их зөв хөөрөг болох юмаа” гээд сонгож авсан чулуугаар хийдэг учраас манай хөөрөг дээр. Ер нь, чулуу сонгоно гэдэг түвэгтэй ажил л даа. 100 орчим чулуу авчирахад тав, зургаа нь л хөөрөг болох нь бий. Тиймдээ ч бэлэн хөөрөг сонгох нь онцтой байдаг. Ирсэн чулууг бид шоолох буюу тал талаас нь зүсч, хөөрөгний үндсэн хэвийг гаргах тохиромжтой талыг сонгодог. Хэлбэр дүрс, хээ хуар гээд хамгийн зохимжит талыг нь сонгохын тулд шоолж зүсэх ажил чухал байдаг. Дараа нь үндсэн хэлбэрийг нь хамгийн тохиромжтой байдлаар гаргана. Энэ мэт нарийн харж, болгоомжтой хандахгүй бол чулууг нэг л буруу зүсэх аваас хөөрөг гаргах боломжгүй болох нь ч бий. Энэ мэт маш нарийн шат дамжлагын эцэст хөөрөг төрнө дөө.

-Тэгвэл танай урлан сард хэчнээн хөөрөг “өлгийдөж” байна вэ?

-Дунджаар 8-9 хөөрөг л “төрдөг”. Тэгэж байж өн­дөр чанартай, өөгүй хөөрөг гаргана. Дээхнэ үед бол ганц хөөргийг хоёр, гурван жил хийх нь ч байсан юм билээ.

-Ярилцсанд баярлалаа.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Пүрэвсүрэн: Монголчууд бид эрдэнийн чулуугаар мэндэлдэг сайхан өв соёлтой ард түмэн  
Үзсэн: 8362 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй