![](/uploads/201403/news/thumb/2eb3a2d2d3c6bb915c4275318e7d817d_x3.jpg)
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас хамтран “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг өчигдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн дугуй ширээний ярилцлагад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун болон тус яамны мэргэжилтэн, Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ, МХЕГ, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Монголын ойчдын нэгдсэн холбоо, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо ТББ-ын төлөөлөл оролцож санал бодлоо солилцон, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна.
Мөн ярилцлагын хүрээнд холбогдох мэргэжилтнүүд хууль бус мод бэлтгэлийн талаар илтгэлүүд тавьжээ.
Ойн сан бүхий газар нутгийг талбайгаар тооцож гаргахад ойн сангийн нийт талбай 18.5 сая.га буюу манай улсын нийт нутаг дэвсгэрийн 11.79 хувийн эзэлдэг байна. Хууль бус мод бэлтгэлийн хэмжээ сүүлийн таван жилийн байдлаар 31.5 хувиар буурсан ч хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох арга хэмжээг улам эрчимжүүлэх шаардлагатай талаар илтгэлд дурдагдаж байлаа.
Хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоохын тулд нэн түрүүнд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, гэмт зөрчлийг илрүүлсэн иргэд, аж ахуйн нэгжийг бодитойгоор урамшуулах нь чухал гэж тус ярилцлагад оролцсон мэргэжилтнүүд үзжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр зарлигийн төсөл боловсруулж Засгийн газарт хүргүүлэхээр болсонтой холбогдуулан тус Байнгын хороо энэхүү төслийн хүрээнд хамтран ажиллана гэдгээ мөн мэдэгдлээ.
Хууль бус мод бэлтгэлийг бууруулах шаардлагатай | ||
Үзсэн: 1535 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.