Шууд Chart

Ухаалаг Улаанбаатарыг бий болгоно

2014-03-28 08:50:39

Монгол Улсын  Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилга болон Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлээс 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч “Ухаалаг Улаанбаатар”  хөтөлбөрийг боловсруулжээ.

Хөтөлбөрийг 2014-2020 он хүртэл гурван үе шаттайгаар хөгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нийслэлээс үзүүлж байгаа барилгын зөвшөөрөл, газар эзэмших, өмчлөх, тендерийн сонгон шалгаруулалт, иргэний бүртгэлийн үйлчилгээ гэх мэт 540 гаруй үйлчилгээг иргэд гэрээсээ, ажил дээрээсээ амар хялбар, ойлгомжтой байдлаар авах боломж бүрдэх аж.  
 
Ухаалаг засаглал, Ухаалаг эдийн засаг, Ухаалаг иргэд, Ухаалаг үйлчилгээ, Ухаалаг орчин, Ухаалаг амьдрал гэсэн зургаан чиглэлээр Ухаалаг Улаанбаатар хотыг бүрдүүлнэ гэж үзжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 2014-2016 онд Цахимжсан Улаанбаатар, 2015-2018 онд Технологижсон Улаанбаатар, 2016-2020 онд Ухаалаг, ногоон, хөгжингүй Улаанбаатар гэсэн шатлалтайгаар хэрэгжүүлэх юм байна. 
 
Тус хөтөлбөр нь шинэ зууны хотын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, иргэдийн хүсэл шаардлага, бизнесийн орчны өөрчлөлт зэргийг оновчтой шийдвэрлэж байх цомхон бүтэцтэй, ойлгомжтой дүрэм журамтай, соёлтой шуурхай үйлчилгээтэй ухаалаг хотыг бий болгох зорилготой гэж нийслэлийн удирдлагууд мэдэгдэж байна. 

Энэхүү хөтөлбөрийг батласнаар нийслэлийн иргэд 400 гаруй төрлийн үйлчилгээг нэг цонхоор, цахимаар авдаг болж,  иргэдийн оролцоог хангасан, шууд ардчиллыг хөгжүүлсэн, авлигагүй, сайн засаглал бүхий Ухаалаг Улаанбаатар хотыг хөгжүүлэх боломжтой болох ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ухаалаг Улаанбаатарыг бий болгоно  
Үзсэн: 1267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй