“MGL” радиогийн хөтлөгч Алимаагийн Хаш хэмээх өвөрмөц нэртэй хүнтэй ярилцлаа. Нэрнээсээ эхлээд туулсан амьдрал нь ч сонин түүхтэй түүнийг фм-ийнх нь сонсогчид дуу хоолойгоор нь андахгүй. Мөн фэйнүүд нь хувийн амьдралыг нь ихэд сонирхдог тул ийнхүү уулзсан юм.
-Таны дуу хоолойны өнгө надад нэлээн өвөрмөц санагдсаныг нуух юун. Аав, ээжийн тань хэн нь аргил хоолойтой вэ?
-Яг үнэндээ ах нь аавыгаа мэддэггүй юм. Эмээгийнхээ гар дээр өссөн хүн. Ээжээсээ ч аавыгаа асууж байгаагүй. Ямартай ч манай ээжийн талынхан над шиг таны хэлдгээр аргил хоолойтой биш. Тэгэхээр магадгүй ааваасаа өвлөсөн байх. Тэгээд ч би радиогоор өөрийнхөө дуу хоолойг сонсохоор ичдэг. Гэвч ингээд заяачихсан юм чинь яах гэх вэ (инээв,сурв).
-Таныг Орос школтой гэж сонссон. Энэ хэлэндээ ч сайн гэсэн. Монголдоо төрсөн биз дээ?
-Тийм ээ, Монголдоо. Тодруулбал дөч, тавин мянгатынх. Эмээ, ээж маань ч унаган хотын хүмүүс байсан. Дунд сургуулиа Зөвлөлтийн нэгдүгээр сургуулийг дүүргэсэн. Орос хүүхэд, багш нарын дунд өссөн болохоор өөрийн эрхгүй Орос хэл сурч, Орос школоор амьдарсан. Орос цэцэрлэгт ч явдаг байлаа. Тиймээс одоо ч Монгол хэлний баялаг муу.
-Таны үндсэн мэргэжил хөтлөгч үү. Энэ радиод ажиллах болсон түүхээсээ сонирхуулна уу?
-Манай радиогийн продюсер Ц.Мөнхбат гэдэг залуу 2017 онд намайг сонгож авч ирсэн.
-Тэр цагаас өмнө юу хийдэг байсан бэ?
-Таксины жолооч байлаа. Дараа нь олон улсын байгууллагын дуудлагын жолоочоор ажиллаж байв. Үндсэн мэргэжил, төгссөн сургууль гэх юм яг үнэндээ байхгүй ээ. Хүнд гайхуулаад байх ч амьдралтай хүн биш.
-Гэхдээ хувь хүний хүмүүжил сайн бол гаднаас олсон боловсролоос илүү гэдэг юм билээ. Үүнтэй та санал нийлэх үү?
-Тийм байх аа. Тийм гэж хэлнэ дээ. Миний баримталдаг гол зарчим бол хүнийг ялгахгүй харьцах л юм. Мөн хэн нэгнийг дуурайхгүй. Ийм болоход уншсан ном маань нөлөөлсөн болов уу. Би бага залуудаа Оросын утга зохиолын сонгодог зохиолч Ф.М.Достовеский, Францын нэрт яруу найрагч, зохиолч Виктор Гюго нарын зохиолыг их уншдаг байлаа. Ялангуяа Гюгогийн “Шоовдор хүмүүс” романыг. Эмээ маань ч “Робинзон Крузо”, “Усан доогуур 20 мянган бээр аялсан нь” зэрэг олон бүтээл уншиж өгдөг байсан.
-Одоо ч гэсэн сонгодог зохиол уншиж байгаа биз дээ ...
-Нэлээн багассан шүү. Гэхдээ заримдаа харна аа. Дээхнэ бол дандаа Орос хэлээр нь уншдаг байлаа.
-Өмнөх яриандаа эргэн ороход таксины жолооч хүн яаж яваад фм-ийн хөтлөгч болов оо ...
-Миний амьдрал 1990 оны сүүлээр нэг хэсэг тун тааруу болсон. Очъё гэвч очих хамаатан садан байхгүй, оръё гээд ч гэр оронгүй болсон юм. Тэгэхээр архи гэдэг ундааг л ууж эхэлсэн. Тэр үед надтай нэг залуу их сайхан нөхөрлөдөг байлаа. Нэг өдөр тэр залуу “Хашаа чи өөрийгөө л бодоод яваад байх юм бол дахиад л ууж эхэлнэ. Бусад хүн ямар бодолтойг бодож, ойлгож, ярилцвал харин чиний амьдрал идэвхтэй болно” гэж хэлсэн. Ингээд би эмнэлэгт байгаа хүнийг яагаад эргэж болохгүй гэж гээд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасагт хэвтэж байгаа хүмүүсээс эхэлсэн. Тэгэхдээ гэрийнхэн нь огт очдоггүй, ганцаардмал амьдралтай хүмүүсийг сонгож, Ганбаатар гэдэг залууг анх эргэж байлаа. Тэр залуу хоёр хөлөө тайруулсны зэрэгцээ эхнэр нь орхиод явчихсан байсан. Огт танихгүй байж намайг уутанд эргэлтийн жаахан юм хийчхээд очиход Ганбаатар битгий хэл эмч, сувилагч нар нь ч их гайхаж байсан. Тухайн үед эмч нараас нь “Гэрээс нь эргэлт огт очдоггүй өвчтөн байна уу. Би эргэж байх гэсэн юм” гэхэд тэд намайг “Галзуу, солиотой юм уу” гэж хэлэх маягаар харж байсан ч дараа нь ойлгосон.
-Нийт хэдэн хүн эргэсэн бэ?
-5-6 хүн л байсан байх. Гэхдээ би тэдгээр хүмүүсийг эргэхдээ долоо хоногийн нэг өдрийн хоёр цагийг л нэг хүнд зарцуулна гэсэн төлөвлөгөө гаргасан байсан. Ярилцаж байгаад буцах үед зарим нь “Чи дахиад хэзээ ирэх вэ” гэж асуудаг болсон. Ганбаатар гэдэг залуу тэр эмнэлэгт зургаан сар эмчлүүлээд гэртээ харьсныхаа дараа над руу утсаар яриад дуудаж уулзаж байсан. Бүр дасчихсан байж л дээ, зайлуул. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа тусламжийн байгууллагынхан өнөө Ганбаатарын очиж, уулзахад тэр намайг “Хаш гэдэг залуу намайг жил хэртэй хугацаанд эргэж, хамт байсанд баярласан” гэж хэлснийг тэд Гэр бүлийн радио FM104,5-аар ярьсан юм билээ. Түүнийхээ дараа намайг сураглаж уулзалдаж байлаа. Тэгэхэд намайг өнөөдөр энэ ажилд авсан Ц.Мөнхбат гэдэг залуу тэр фм-д ажилладаг байсан юм.
-Өөр фм-д ажилладаг хэрнээ яагаад энэ фм рүү оруулсан юм бэ?
-Тухайн үед бид хоёр их сайхан нөхөрлөж, ном, киноны тухай ярилцдаг байлаа. Тэр үедээ “Таниар хөтлөгчөө хийлгэвэл гоё болно доо” гэж ярьдаг байсан юм. Тэр үед би нэг их тоосонгүй “За, тэгнэ ээ” гээд л өнгөрдөг байлаа. Гэтэл нэг өдөр найз маань энэ “MGL” радиогийн продюсер болчихсон намайг дууддаг байгаа. Ингээд бидний яриа биелсэн.
-Фм-д ажиллахаасаа өмнө хэлээ ашиглаад Орос хэлний орчуулагчаар ажиллах боломж байгаагүй юм уу?
-Дээхнэ Орос хэл нэг их эрэлттэй байгаагүй. Тэгээд ч хаагдмал үе байлаа. Мөн Орос хэлтэй хүн ч олон байсан шүү дээ.
-Таниар эргэлт зөөлгөж, ярилцдаг байсан хүмүүсээс сэтгэлд тань хамгийн тод үлдсэн үг бий юу?
-Аваарт ороод гишгэж чадахаа больсон Гантулга гэдэг залуу бий. Одоо ч холбоотой байдаг. Тухайн үед 22 настай байсан юм. Бид хоёр 30 насны зөрүүтэй ч их сайхан ярилцдаг. Тэр найз маань надтай уулзахдаа “Хаш ахаа, би өөрийгөө буудчих уу. Гурван жил ингэж хэвтлээ. Амьдрах ямар ч сонирхол алга” гэж хэлсэн. Тэгэхэд нь би юу ч гэж хэлж чадахгүй хоёр цаг хэртэй хамт сууж байгаад гарахдаа “Ах нь маргааш ирнэ ээ” гээд үүдийг нь хаасан. Тэгээд алхаж явахдаа “Би өдий насалчхаад 20 дөнгөж гарч байгаа залуугийн сэтгэлийг засч чадах үг хэлж чаддаггүй ямар ч арчаагүй юм бэ дээ” гэж бодсон. Ингээд өмнө нь намайг халамжилж, зөвлөдөг байсан залуутайгаа уулзаад тэр тухайгаа хэлсэн чинь “Хашаа чи одоо л яг зөв замдаа орж байна” гэж хэлсэн. Ингээд маргааш нь Гантулгынд очиход тэр “Өчигдөр хамт байж буруу алхам хийхээс хамгаалсанд баярлалаа” гэж хэлсэн. Уг нь би юу ч хэлээгүй, хийгээгүй шүү дээ. Гэхдээ хүнд хань болох тийм чухал гэдгийг л ойлгосон. Гэтэл Гантулга сүүлд “Univers best songs” уралдаанд хүртэл оролцсон байсан. Аялгуу ч зохиодог мундаг залуу бий. Мөн эдийн засгийн мэргэжил эзэмшиж, өдгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагад ажиллаж байгаа. Амьдрал нь ч сайхан болсон.
-Да дунд сургуулиа төгсөөд их сургуульд орж мэргэжил эзэмших боломж байгаагүй юм уу?
-Байсан. Хойно хэлзүйн мэргэжлээр гурван жил сурсан ч төгсч чадаагүй. Харин одоо эхнэр Ц.Эрдэнэтуяатайгаа амьдраад 30-аад жил болж байна. Бид хөөрхөн хоёр охин, гурван зээтэй.
-Таныг залуу стилтэй гэж хүмүүс хэлдэг үү?
-Хүний соёлыг хувцаснаас нь дүгнэдэг гэдэг байх аа. Нэг түүх ярья. Бурхан нь бүү хэл чөтгөр нь хүртэл алга болчихсон байсан үе надад байсан. Монголын залуучуудын холбооны байранд байрлах нэгэн хэвлэлийн компанд хэд хоног орчуулагын ажил хийх боломж олдов. Ингээд хэсэг ажиллаж байтал тэр холбооны тэргүүн манай даргад “Танай хүмүүс зангиа зүүх ёстой” хэмээн шаардлага тавьсан. Гэтэл надад тухайн үед өмсөх хослол, зүүх зангиа байдаггүй. Тэгээд л би “Ажилд тэнцэхгүй” гэсэн шалтгаанаар ажилаасаа халагдаж байлаа. Гэхдээ би тэр цагаас хойш гадаад үзэмж үнэхээр чухал юм байна гэдгийг яс махандаа тултал ойлгож, тэр үед өмсч байсан хувцаснаасаа ихэд гутаж билээ.
Монголын залуучуудын холбоонд ажиллаж байх үеийнх нь зураг аж.
-Таны нэр ч их содон санагдаж байна. Монголд хэд байдаг бол. Судалж байсан уу?
-Өнгөрсөн жил судлахад 30 гаруй байсан. Эмээ маань л өгсөн гэдэг. Эр хүнийг хаш чулуу хамаг муу зүйлээс хамгаалдаг гэдэг болохоор үүнийг билэгдсэн байх аа. Нэмж хэлэхэд би “Аз, жаргал” гэдэг үгийг тусад нь ялгаж хэлэх дуртайгаа тайлбарлая. Аз гэдэг нь сайн хань, сайхан ажил, сайхан Монгол орондоо төрсөн явдал минь юм. Энэ бол надад хувь тохиолоор ирсэн зүйл. Жаргал гэдэг нь сэтгэл хангалуун байхын нэр. Тодруулбал би өөрийнхөө азанд сэтгэл хангалуун байдаг. Түүнчлэн намайг ажлаас минь битгий халчхаасай л гэж бодож явдаг.
-Энэ бол таниас л шалтгаалах зүйл шүү дээ. Та хариуцлагатай байвал болох нь тэр ...
-Тийм шүү.
-Ярилцсанд баярлалаа.
А.Хаш: 1990 оны сүүлээр очъё гэвч садангүй, оръё гэвч гэргүй болсон үе надад байсан | ||
Үзсэн: 48054 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.