Шууд Chart

МҮОНРТ, МҮХАҮТ хамтран ажиллахаар боллоо

2020-03-06 15:32:47

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллахаар болов. Ийнхүү өнөөдөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, МҮХАҮТ-ийн дарга О.Амартүвшин нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.

Мөн тэдэнтэй МҮОНРТ-ийн байгууллагын хөгжлийн газрын дарга Т.Батзориг, “MNB World” сувгийн захирал О.ТэгшгэрэлМҮХАҮТ-ийн дарга Т.Дүүрэн, зөвлөх Б.Отгонзул, маркетингийн албаны дарга Э.Адъяасүрэн нар байлцав.  

Дээрх санамж бичгийн гол зорилго нь хоёр байгууллага мэдээлэл, сурталчилгааны чиглэлээр харилцан ашигтай хамтарч ажиллах, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, үйл ажиллагааг нь сурталчлах зорилгыг ханган биелүүлэхэд оршиж буй.

Энэ үеэр МҮОНРТ-ийн “MNB World” сувгийн захирал О.ТэгшгэрэлМҮХАҮТ-ийн дарга О.Амартүвшин нарын сэтгэгдлийг сонссон юм.

О.Тэгшгэрэл: Хэвлэл, мэдээллийн зүгээс бид дэмжиж ажиллахаар болж байна

Хоёр байгууллагын бизнесийн орчинг сайжруулах, тухайн бизнес эрхлэгчдээр дамжуулан улсын эдийн засгийн хөгжилд сайн нөлөө үзүүлэхэд хэвлэл, мэдээллийн зүгээс бид дэмжиж ажиллахаар болж байна. МҮХАҮТ нь дотоодын бизнес эрхлэгчдээс гадна маш олон тооны гадны хөрөнгө оруулагчидтай хамтран ажилладаг. Мөн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсаас гадна гадаадад гаргах экспортын бүтээгдэхүүнийг сурталчлах, МҮХАҮТ-аас гаргаж байгаа мэдээллийг бизнес эрхлэгчдэд бодит байдлаар хүргэх юм. Тэгэхээр бизнес эрхлэгчдийн цаашдын ажилд ч дөхөм, тодорхой болно.  

О.Амартүвшин: Үндэсний тодотголтой хоёр байгууллага хамтарч байж Монголынхоо бизнесийн цар хүрээг нэмэгдүүлнэ

Манай танхим олон талт үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрээс хамгийн чухлыг нь дурдвал хувийн хэвшлийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх юм. Мөн Монголынхоо брэндийг дэлхийд гаргах, үзэсгэлэн, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх үүрэгтэй ажилладаг. Эдгээрийг бид бизнес эрхлэгчид дээ сурталчлан таниулах, ойлголт өгөх шаардлагатай. Үүнийгээ бид МҮОНРТ-ээр хүргэвэл зохистой. Учир нь энэ байгууллага хэд хэдэн сувагтайгаас гадна Англиар мэдээгээ хүргэдэг “MNB Word” сувагтай нь маш том давуу тал гэж харж байна. Мөн үндэсний тодотголтой хоёр байгууллага ийнхүү хамтарч байж Монголынхоо бизнесийн цар хүрээг нэмэгдүүлэх, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах, ард иргэдээ соён гэгээрүүлэх юм. Үүнийг дагаад нийгэмд бий болгох үүргээ биелүүлж байгаа хэрэг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийг сайжруулахын тулд хоёр том зорилго бий. Тодруулбал, экспортыг нэмэгдүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Энэ хоёр зүйл төлөвлөгөөтэй, олон шатлалтай PR сурталчилгааны хүчинд бий болно. Үүнийг бид хамтарч ажиллаж байж бүтээж чадна гэдэг үүднээс өнөөдрийн гэрээг байгуулалцлаа. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ, МҮХАҮТ хамтран ажиллахаар боллоо  
Үзсэн: 1503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй