Шууд Chart

Б.Шүүдэрцэцэгээс удахгүй шедевр роман төрөх байх

2020-03-13 09:11:46

Саяхан шүүмжлэгч Хөх толбот Д.Төмөр-Очир зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан могой” хэмээх шинэхэн романд зориулж “Атан тэмээ чарлуулж, жороо мориор шогшуулмааргүй байна” гэсэн шүүмж бичиж утга зохиолын хүрээнийхнийг алмайруулж орхив. Гэхдээ энд Шүүдэрцэцэгийг улам гоочлохыг хүссэнгүй. Энэ бүсгүйн өмнөх зохиолууд бол дажгүй л юм шиг санагддаг. Харин энэ удаагийн зохиол дээрээ яагаад хэд гурван үг, найруулгын алдаа гаргачихав даа. Хамгийн гол нь энэ удаад маш гярхай уншиж шүүмжилдэг Д.Төмөр-Очир хэмээх залуугийн далд авъяас цухалзаж байх шиг. Энэ залуу нөгөө шүүмжлэгч энэ тэр гэж өөрсдийгөө цоллоод байдаг нөхдөөс хамаагүй илүү, гярхай бичсэн байв.

Гэхдээ Б.Шүүдэрцэцэгийн үг, найруулгын алдаа зарим нэг зохиолчийн “айхтар” алдаануудын хажууд бол юу ч биш. Энд зөвхөн Шүүдэрцэцэгийн үг, найруулгын алдаатай харьцуулалт хийж байгаа болохоор зохиолчдын нэрийг заавал дурдах шаардлагагүй гэж үзлээ. Жишээ нь саяхныг болтол өдөр тутмын сонинд ажилладаг байсан манай нэг зохиолчийн нэгэн туужид жараад оны үйл явдал гардаг. Тэгтэл гол баатар болох нэг том даргын хүү машинтайгаа явж байгаад онхолдчихдог. Мань зохиолч тэгтэл жараад оны үйл явдлыг өгүүлж байгаагаа тэрхэн хугацаанд мартагнаад “Компанийн захирлын хүү жийп машинтайгаа явж байгаад онхолдов” гээд өнөө цагийн хэллэгээр аваад хаячихсан байхыг яана. Жараад оны үед Монголд юуных нь компанийн захирал, юуных нь жийп машин байх билээ дээ. Уг ёсондоо мань зохиолч “Нэгдлийн дарга аавынхаа УАЗ-469 машиныг унаж яваад онхолдов” гэж бичсэн бол зүйд нийцэх байлаа.

Мөн “Хонгор нутгийн уянга” хэмээх түүвэр гаргасан манай нэг гайгүй сэтгүүлч, яруу найрагч нэгэн тууждаа мөн л жараад оны үйл явдлыг тусгасан байх бөгөөд нэг бүсгүй гэртээ хоргодсон талийгаачийн сүнснээс айхдаа гэрээсээ гарч гүйгээд гудамжны ТҮЦ-нд очиж төлбөртэй цагаан утсанд зуун төгрөг өгөөд нөхөр лүүгээ ярьж байгаа юм. Жараад оны үед юуных нь ТҮЦ, юуных нь төлбөртэй цагаан утас байх билээ. Тэгээд бас одооны зуун төгрөгөөр ярьж байгаа юм шүү. Энэ бол сүрхий том алдаа. Харин уншигчид бол иймэрхүү юмыг анзааралгүй дуржигнатал уншаад өнгөрдөг бололтой. Мань мэт нь бол иймэрхүү юмыг жаахан анзаараад байгаа юм. Харин Д.Төмөр-Очир шиг үг, өгүүлбэрийн бүтцийг задлаад маш нарийн гярхай ажиглалт хийж бол барахгүй байх. Өөрийгөө яая гэж байж бусдын зохиолыг тэгж ухаж төнхөж байх зав ч хаа билээ.

Мөн “Тавилан” хэмээх романаараа зард гараад байсан нэг эмэгтэй бий. Түүний нэг зохиолыг хэвлэгдэхээс нь өмнө номынх нь эхийг бэлтгэж байсан Баатар хэмээх залуу бяцхан сануулга өгчээ. Жишээ нь мань эмэгтэй зохиолдоо “Манай Ю.Цэдэнбал даргыг Зөвлөлтийн удирдагч Горбачев дарга албан тушаалаас нь хуссан...” гээд биччихсэн байж. Тиймээс Баатар түүнд хандаж “Цэдэнбал даргыг Горбачев дарга хусаагүй шүү дээ. Тэр үед Горбачев дарга гарч ирээгүй байсан. Горбачев даргаас өмнө Черненко, Андропов, Брежнев гээд олон дарга байсан шүү дээ” гэж сануулахад мань зохиолч “Чи яаж мэдэж байгаа юм бэ?” гэж асуужээ. Хариуд нь Баатар “Энэ тухай дал, наяад оныхон бүгд л мэднэ шүү дээ. Сайтуудад хүртэл бичигдсэн л байгаа” гэхэд нөгөө мэдэмхий зохиолч маань “За ер нь манай сайтууд ч худлаа зална шүү, зална. Итгэхийн арга байхгүй” гэж даналзсан байгаа юм. Гэсэн ч Баатар илэрхий алдаа гаргах гээд байгаа зохиолчийг бодсондоо “Цэдэнбал даргыг суудлаас нь авч хаяахад Зөвлөлтийн удирдагч нар нөлөөлсөн” гэх маягаар жаахан засвар оруулсан байгаа юм. Уг нь иймэрхүү орон тооны бус редактор олон байвал зүгээр л юм. Тэгтэл бас энэ эмэгтэй тэрхүү зохиолдоо Японоос Монголын нэг иргэн галт тэргээр шууд явсаар байгаад ганцхан хоногийн дотор Улаанбаатарт хүрээд ирсэн тухай бичсэн байж. Тэгмэгц Баатар мөн л сэтгэл нь зовохдоо “Японоос Монгол руу шууд галт тэрэг явдаггүй юм. Усан онгоцоор явсаар байгаад Хятадаар дамжиж ирдэг юм” гэж залруулж бичүүлсэн байх жишээтэй.

Гадаад дотоодоор олигтойхон явж үзээгүй, адаглаад л дэлхийн газрын зургийг харчихаагүй, өмнөх түүхээ, тэр бүү хэл социализмын үеийн түүхээ ч сайн мэдэхгүй энэ мэтийн зохиолч нар манайд мэр сэр байна аа, байна. Харин Шүүдэрцэцэг бол арай ч ийм илэрхий алдаа гаргаад байдаг бүсгүй биш ээ. “Улаан могой” роман нь хэвлэгдсэн даруйдаа л бестселлер болж байхыг бодоход бас ч тийм тааруухан роман биш бололтой. Шүүмжлэгчийн нүдэнд олзлогдсон нь л Шүүдэрцэцэг болохоос биш цаагуур чинь “Яана даа” гэсэн романууд зөндөөн байна. Бестселлер гэснээс зарим зохиолчийг номын дэлгүүрт зохих ёсны мөнгө төлж байж номоо бестселлер болгодог гэсэн мэдээ яваад байсан. Энэ худлаа байх аа. Миний хэд хэдэн ном гарсан даруйдаа л бестселлер болж байсан. Би л хувьдаа номын дэлгүүрт сохор зоос ч төлөөгүй юмдаг.

Ингэхэд бусдын алдаан дээр дөрөөлөөд нэг л их маадгар царайлаад байгаа би ч гэлээ өөрөө тэгэж алдаагүй цэвэрхэн бичдэг сүрхий хүн биш ээ. Хүн л юм болсон хойно бас алдаа гаргаж л таардаг. Шүүмжлэе гэсэн хүнд бол надаас түм буман алдаа гарч ирэх л байх. Ер нь шүүмжлэе дээ гэвэл ямар ч сайн зохиолоос алдаа гараад л ирдэг. Социализмын үеийн манай нэр цуутай том том романууд дотор илэрхий логик алдаанууд бөөн бөөнөөрөө “цохиж” л явдаг юм. Жишээ нь мушгих донтой хүмүүс нөгөө дэлхийд алдар нь түгсэн Маркесын “Зуун жилийн ганцаардал”-аас алдаа шүүрдэе гэвэл нэлээдийг гогдоод ирэх болов уу. Харин алдаа мадгаар дүүрсэн роман, туужийг шүүмжлэхгүй юмсандаа гэж хичээвэл огт дуугарахгүй байхад л гүйцээ. Ингээд л тэр ном ямар ч алдаа мадаггүй юм шиг л уншигчдын дунд мөнхөрнө. Ингэж мөнхөрч буй роман, тууж манайд түм бумаараа байгаа.

Шүүдэрцэцэг бол залуу хүн. Цаашид өөрийнхөө жинхэнэ шедевр романыг бичихэд зай ч байна, лай ч байна. Энэ бүсгүй ямар ч шүүмжлэл сонсож үзээгүй нялцгай амьтдыг бодвол сайн муу юм хэдийнэ сонсоод үзчихсэн, баргийн юманд халирч няцахааргүй хат сайтай хатагтай юм шиг санагддаг. Д.Төмөр-Очирын шүүмжлэл түүнд зохих ёсны ухаарал, сэхээрэл хайрлаж, бага ч гэсэн хурцлах байх. Ганц Шүүдэрцэцэгт ч биш бусад үй олон роман, тууж, өгүүллэгийн эздэд томоохон сануулга болсон байх аа. Тиймээс мань мэтээс эхлээд дор бүрнээ л өөрсдийгөө хичээсэн нь дээр чухам...

Б.Ойдов

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Шүүдэрцэцэгээс удахгүй шедевр роман төрөх байх  
Үзсэн: 2737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй