
Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч П.Бадарч өөрийн фэйсбүүк худасдаа “Загал минь” хэмээх алдарт шүлгээ оруулж, сэтгэгдлээ бичжээ.
Тэрбээр “Сайхан өдрийн мэндээ. Та бүхэндээ "Загал минь "-ээ хүргэж байна. 30 арай хүрээгүй байхдаа энэ шүлгээ бичсэн байна. "Hero"-гийн хүүхдүүд сайхан дүрсжүүлж өгсөн.
Б.Лхагвасүрэн минь “Алив, номоо аваад ир. Би “Загал”-д чинь их дуртай. Ялангуяа тэр,
...Төхмийн хүний ногтонд эрдэнэ толгойг нь өргөхөд
Төрөл шиг болсон Загалыгаа уйлав уу даа гэж харсаан ... гэдэг мөрөнд хачин их дуртай" гээд ярьж суусан нь саяхан шүү дээ. Ингээд та бүхэндээ сонордуулья” гэжээ.
Үүнийг манай сайт өөрийнх нь зөвшөөрлийн дагуу уншигч танаа ч хүргэж байна.
Загал минь
Сайхан Загал морьтой байлаа.
Санааны дураар үүрд ханилсангүй ээ
Найман чимэгт эмээл юугаан өргөж
Насан турш зоо нуруунд нь тааруулсангүй ээ
Салхи урсах их талаа
Саруулхан хөх тэнгэр гэвээс
Одод шиг мяралзах сүрэг дундаан
Саран мэт содон морь минь.
Залуу нас дуу наргиан хөөж
Загал мориороо алсхан найранд очдог байжээ
Зайлуул гэргийминь өнжүүд хонууд зовохдоо
Загалаа унаж яваадаа гэж амсхийдэг байжээ.
Харлах харгуйн дов дэрлэн унаж
Халамцуу бие хөдөөд ганцаар хэвтэж үзсээн.
Тэгэхэд миний Загал эмээлтэйгээ дэргэд хүлээж
Тэнгэр газрын хооронд тэр минь л аварсаан.
Дөрвөн өртөөд жолоо таталгүй
Дөрөө жийн сайхан Загалаараа давхиж
"Өөд болох нь ирээч"гэсэн буурлындаа очиход Өөрт минь захих үгээ хэлж байхад нь золгосоон.
Аяны богц суран үдээс чангалж
Алдрайхан бие гүнж замд гарахад
Амраг минь цагаан сүүгээр дөрөө мялаахдаа
Алзахгүй ээ хө Загал минь түшнэ гэдэгсэн.
Сайхан Загалынхаа найман ганзага сунгаж
Салхи шуугиулам хатираанд"дөрвөн цаг" исгэрч явлаа.
Саран мэлтийсэн шөнөөр ногоон тал бөмбөрдөж
Санасан янагийнхаа цагаан гэрийг зорьж явлаа.
Нийлсэн чимэгт эмээл юугаан өргөж
Насан турш зоо нуруунд нь тааруулж
Эрийн түшиг сайхан Загал морио
Эгнэгт эдлэх тавиланг би өөрөө түлхсээн.
Төрхгүй залуугийн бодолд наймаан дон тусаж
Төө цагаан гаанс хоёр залуу мориор өгч
Төхмийн хүний ногтонд эрдэнэ толгойгий нь өргөхөд
Төрөл шиг болсон Загалыгаа уйлав уу даа гэж харсаан.
Цэн цэнгийн товруутай хар суран хазаараа
Цэвэр уран толгойноос нь хангинуулан байж авахдаа
Цээж зүрхэнд харамсал бууж буцмаар байсан ч
Цэх шулуун эр гэгдэе гэж нэрэлхээд буцаагүй ээ.
Хүний нутгийн ус өвсийг орхин гүйж
Хөөрхий Загал минь тэнцэж босон талдаа нэг ирсээн.
Хөхөмдөг униарт хавраар нэхсэн эзэнд нь басл өгч
Хөтлийн цаад руу хондлой нь товолзон далдрахыг харсаан.
Анхны гүйлтээсээ хойш Загал морь минь
Ахиж наддаа, унаган ижилдээ ирсэнгүй.
Агтны манлай, хайрт хүлгээ хүний ногтонд оруулсан
Арчаа нь үгүй эзэн намайгаа үүрд орхисон байна.
Ургах нар бүхнээр адуугаа би хумихдаа
Унаган Загал морио дандаа л дурсаж явна
Урт цагаан гаансандаа галзуу улаан нэрэвч
Унаа муутайхан шиг л явж байна.
Их талын энгээр давалгаа шиг үймэх
Ижил мянган сүрэгтээ эргэж дахин ирвэл нь
Түрүүчийн адил буцааж, ухаант Загалаа гутраахгүй ээ.
Түрийнээсээ урт гаанс,адуунаасаа дөрвөн залуу морь өгнөө.
1967-1968
П.Бадарч: “Загал минь” | ||
Үзсэн: 5346 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.