Шууд Chart

“Оюу Толгой”-н гэрээт компани 220 ажилтнаа халжээ

2014-04-01 16:25:28

“Оюу Толгой” компани өчигдрийн байдлаар 200 туслах ажилтнаа халах тушаал гаргажээ. Өдгөө тус уурхайд 2000 орчим ажилчин, алба хаагч үлдсэн бөгөөд цаашид байдал дээрдэхгүй бол мөн л дараагийн ээлжинд халах хүмүүсийн “Хар жагсаалт”-ыг гаргаж байгаа сурагтай. Ийнхүү 200 хүний амьдрал нэг л өдөр орвонгоороо эргэж, өнөөдрөөс эхлэн тэд лааз өшиглөж, ажилгүйчүүдийн эгнээг улам бүр тэлж эхэллээ. Тэдний цаана гэр бүл, үр хүүхэд гээд хичнээн мянгаараа тоологдох хүмүүсийн амьдрал туйлдахад хүрэх нь тодорхой юм” гэх мэдээлэл өнөөдөр цахим мэдээллээр тархаж байна.   

 
Энэ талаар “Оюу Толгой” ХХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтан С.Энхцэцэгээс тодрууллаа.
-“Оюу Толгой” компани өчигдөр /03.31/ 200 туслах ажилтанг халсан гэсэн мэдээ байна. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-Эдгээр ажилтан бол манай үндсэн ажилчид биш юм. “Оюу Толгой” төслийн гэрээт “Си Ай Эс Монголия” компанийн ажилтнууд.  
-Тэгэхээр танайтай ямарч хамааралгүй гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Хөдөлмөрийн гэрээ нь дуусч байгаа хүмүүс болов уу. Энэ талаар “Си Ай Эс Монголия“ компаниас тодруулах хэрэгтэй.  
 
Ингээд “Оюу Толгой” төслийн хоол хүнсний хангамж, орон сууц болон цэвэрлэх, засвар, тээвэр болон материал-техник хангамж, бараа худалдаа болон цэнгээний газар, амралт, эрүүл мэндийн үйлчилгээг гэрээгээр хариуцдаг “Си Ай Эс Монголия” компанийн ажилтнаас тодруулга авлаа.
-Танай компани “Оюу Толгой” төслийн талбайд ажиллаж байсан 200 ажилтнаа халсан гэсэн. Ямар үндэслэлээр халах болов?
-Манай компанийн гэрээний хугацаа дуусч байгаа болон “Оюу Толгой”-н шинэчилсэн гэрээний дагуу энэ шийдвэрийг гаргасан юм. Учир нь “Оюу Толгой”  шинэ гэрээгээр үйлчлүүлэгчдийн тоо, авах үйлчилгээ гээд бүх зүйлийн тоо хэмжээ нь буурч багасаж орж ирсэн. Ажилчдын тоог 600 хүнээр тогтоосон. Нөгөө талаас орон нутгийг дэмжих бодлогын хүрээнд бүх ажилтнаа Өмнөговь аймгаас авахаар тусгасан. Эдгээр 220 хүн нь хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон Улаанбаатар хотын иргэд юм.
-Халагдсан хүмүүст компаниас ямар нэг тэтгэмж, нөхөн олговор авах уу?
-Үгүй. Нэгдүгээрт, хөдөлмөрийн гэрээ нь дуусч байгаа. Нөгөө талаас бид сарын өмнө хүмүүст албан ёсоор мэдэгдсэн.
-Танай компанийг нэрээ өөрчлөөд “Оюу Толгой”-н ханган нийлүүлэгчээр дахин орж байгаа гэж сонслоо?  

-Манайх “Таван богд” групптэй нэгдээд “SSM” нэртэй компани болж байгаа юм. Гэхдээ “Таван богд” компаниас ажилтан авахгүй. Одоо байгаа ажилчдаа энэ компанидаа шилжүүлэн гэрээ хийгээд явна.

Нийтэлсэн: Б.Баярт

“Оюу Толгой”-н гэрээт компани 220 ажилтнаа халжээ  
Үзсэн: 2992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй