Шууд Chart

МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр наадмыг нээж хэлсэн үгнээс

2013-07-11 12:10:42

Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг албан ёсоор Монгол Улсын  Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дэлхийд ганцхан монгол наадмаа нээлээ.

Тэрээр хэлсэн үгэндээ: Монголын нийт ард түмэндээ баярын мэнд хүргье. Жил жилийн наадам сайхан болдог, энэ жилийнх бүр сайхан болж байна. Бид бүхэн Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойгоо тэмдэглэж байна. Монгол наадмын босго өдөр би Ерөнхийлөгчийн тангарагаа хоёр дахь удаагаа өргөлөө. Хүү нь аав ээжийнхээ төлөө үнэнч зүтгэдэг шиг, ард түмнийхээ төлөө би зүтгэх болно. Нийт наадамчин олондоо уяа нь хөнгөн, бяр их, цэц мэргэн, сайхан наадахыг хүсэн ерөөе.

Энэ зуны наадам сайхан эхэлж байна. Билэг билгийн дээд Монгол наадам маань энэ жил олон сайхан ерөөл билгээр дүүрэн байна.

Аав ээжийнхээ ачийг хариулахын төлөө зүтгэж байгаа хүүгийн сэтгэлээр ард иргэдийнхээ төлөө зүтгэх болно. Наадамчиддаа уяа хөнгөн, цэц мэргэн, бяр их наадамлахын ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол төрийн наадам ийнхүү эхэлж байгааг төрийн есөн хөлт цагаан тугийн өмнөх энэхүү индрээс даяар олондоо тунхаглаж байна.

Монголчууд бид наадмаараа билэгтэй сайхныг хэлэлцэж, түүх соёл, өв уламжлаараа бахархаж,   гэр бүл, ахан дүүс, хотол олноороо цуглаж магнай тэнийн баяраа хуваалцдаг.

Монгол наадмын хүндэт хоймроос азай буурал ахмадууд, цог хийморьлог залуус, алиа бяцхан үрс ард иргэддээ болон манай наадмыг үзэж сонирхож байгаа нийт зочид төлөөлөгчдөд сайхан наадамлахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Түмний цэнгэл их баяр наадамдаа эр бяр, хурд шандас, цэц мэргэнээ сорих нийт иргэддээ аз хийморь, амжилтын дээдийг хүсэн ерөөе. Эх түүхт эрх чөлөөт Монгол түмний цэнгэл баяр бахархал омогшлын дээд Монгол наадам энэ цаг мөчид ийнхүү эхэлж байгааг эх цагаан сүлд билэг ерөөл бүхний биелэл оршсон наадмын энэ хүндэт индрээс даяар олноо тунхаглан зарлаж байна.

Сайхан наадаарай.

Мөнх хөх тэнгэр минь ээ, Монгол түмэн эх орныг минь үүрд ивээгтүн.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр наадмыг нээж хэлсэн үгнээс  
Үзсэн: 1301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй