Аугаа эх орны дайны ялалтын баярын өдрөөр цэргийн жагсаалаас гадна өөр олон арга хэмжээнүүд болдог. Үүний нэг нь "Бессмертный полк" буюу "Үхэшгүй мөнхийн хороо" нэртэй олон нийтийн жагсаал юм. Дэлхийд тархаад буй цар тахлын улмаас өнөөдөр эдгээр арга хэмжээнүүд зохиогдохгүй. Гэвч дайнд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэхэд энэ нь саад болохгүй.
Анх 2011 онд гараагаа эхэлсэнд тооцогддог энэхүү жагсаалыг ОХУ-ын Томск хотын сэтгүүлч Сергей Лапенков, Сергей Колотовкин, Игорь Дмитриев нар санаачилжээ. Тус жагсаалд жагсаалд 6 мянга орчим хүн дэлхийн 2-р дайнд оролцсон 2000 дайчны зургийг барин жагсаж байсан түүхтэй.
"Үхэшгүй мөнхийн хороо" жагсаалд Дэлхийн 2-р дайнд оролцож, халуун амь, бүлээн цусаа өргөсөн дайчдын үр ач, төрөл төрөгсөд оролцож, өвөг дээдсийнхээ алдар гавьяаг нь дурсдаг. Мөн “Үхэшгүй мөнхийн” гэх тодотголоор 2-р дайнд нацистуудын эсрэг тэмцэж байсан дайчин бүрийн залгамж халаа тасраагүй, үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсдөөр нь дамжин зуу зуун жилд мөнх дуурсагдсаар байх болно гэх утгыг илтгэдэг байна.
“Үхэшгүй мөнхийн хороо”-ны жагсаалын хамрах цар хүрээ улам өргөжиж, 2015 оноос эхлэн ОХУ-д үндэсний хэмжээнд зохион байгуулагдах болжээ. 2019 онд Москвагийн Улаан талбайд болсон жагсаалд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн 2-р дайнд тулалдаж явсан өөрийн эцэг Владимир Спиридонович Путины зургийг барин оролцож байжээ.
Өдгөө энэхүү давлагаанд Ази, Африк гээд олон оронд Дэлхийн 2-р дайнд амиа алдсан хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн зургийг нь барин нэгдэх болсон. Тодруулбал, Япон, Грек АНУ, Португали, Итали, Герман, Бельги, Аргентин зэрэг 40 гаруй улс оронд ийнхүү дайнд үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн жагсдаг болжээ.
"Бессмертный полк" буюу Үхэшгүй мөнхийн хороо | ||
Үзсэн: 2347 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.