![](/uploads/201404/news/thumb/6aaa64045b9f6d4c87145bde09de9646_x3.gif)
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан өнгөрсөн баасан, бямба, ням гарагт өөрийн сонгогдсон тойрог Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа.
Г.Баярсайхан гишүүн иргэдэд эдийн засгийн хямралын шалтгаан, өнөөгийн байдал, УИХ, Засгийн газар энэ асуудал дээр ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэл өгч, санал солилцсон. Мөн Чингэлтэй дүүргийн иргэдэд тулгамдаж буй асуудал, ажлын байр, нийгмийн халамжийн асуудлаар мэдээлэл авч, холбогдох мэргэжилтнүүдийн хамт уулзалт хийлээ.
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хөндсөн гол асуудал нь цалин, тэтгэврийг нэмэх, авто замыг сайжруулах, цэцэрлэг сургуулийн хүрэлцээ муу байгаа гэж иргэд ярьж байв. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ тааруу байгаа ч энэ жил нийслэл болон улсын төсвөөр таван цэцэрлэгийг барихаар хөрөнгө суулгасан байна.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан болон нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид дүүрэгтээ таван цэцэрлэг барих мөнгө суулгаж өгчээ. Түүнчлэн УИХ-ын хаврын чуулганаар “Урт нэртэй” хуулийн төслийн Дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас оруулж ирээд буй юм. Энэ хуульд өөрчлөлт оруулах уу, аль эсвэл хэвээр мөрдөөд явах уу гэдэг талаар Г.Баярсайхан гишүүн Чингэлтэй дүүргийн иргэдийн саналыг сонссон.
Иргэд “Алтны компаниудад дуртай газар нь лиценз өгч, гол усыг бохирдуулах, ширгээх аюул нүүрлэж байгаа тул хуульд өөрчлөлт оруулалгүй хэвээр мөрдөөд явах нь зүйтэй” гэсэн саналтай байлаа.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ийнхүү дүүргийнхээ зургаан хороонд ажиллаж, үлдсэн хороодод энэ сарын 12, 13, 19, 20-ны амралтын өдрүүдэд ажиллах юм байна.
"Урт нэртэй" хуульд өөрчлөлт оруулахгүй байхыг хүслээ | ||
Үзсэн: 900 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.