Африк-Америк гаралтай Жорж Флойд цагдаа нарын гарт амиа алдсаны дараагаар эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн, тэмцэл АНУ-д улам хүрээгээ тэлсээр байна. Өнгөт арьстнуудын эрхийг хамгаалахыг шаардсан энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр зарим хотод цагдаа нар болон жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн үүсч байгаагаас гадна дэлгүүр, худалдааны байгууллагыг тонон дээрэмдэх хэрэг гарч байна. Энэ хооронд Жорж Флойдын аминд хүрсэн хэргийн гол буруутан болоод байгаа цагдаагийн офицерыг өнөөдрөөс шүүж эхлэх юм байна.
Америкийн Миннесота мужийн Миннеаполис хотод одоогоос 6 өдрийн өмнө болсон хэрэг АНУ-ыг бүхлээр нь доргиож байна. Цагдаа нар ямар нэгэн галт зэвсэггүй өнгөт арьст эрийн аминд хүрсэн хэргийг эсэргүүцсэн жагсаалаас эмх замбараагүй байдалд хүрч байна. 40 орчим хотод хөл хорио тогтоогоод байгаа ч иргэд дээрх хөл хориог үл хайхран, жагсаал тэмцлээ үргэлжлүүлж байгаа юм. Одоогоор Америкийн 15 муж төдийгүй нийслэл Вашигтон ДС хотод Үндэсний Гвардийн цэргүүдийг хамгаалалтад гаргажээ. Нью-Йорк, Чикаго болон Лос-Анжелес хотуудад цагдаа нар болон эсэргүүцэгчдийн хооронд ширүүн мөргөлдөөн үүсч байгааг Си Эн Эн агентлаг дамжууллаа. Жагсагчид цагдаагийн автомашиныг галдан шатааж, хэд хэд хотод дэлгүүр, худалдааны төвийг тонон дээрэмдсэн хэрэг гарчээ.
Вашигтон ДС хотод л гэхэд ерөнхийлөгчийн цагаан ордны ойролцоох барилгуудад гал тавьсан байна. Галд өртсөн дээрх барилгууд дотор түүхэн сүм хүртэл багтжээ. Вашигтон ДС хотод цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч ашиглаж байгаа юм. Үүнээс гадна Филадельфи мужид дэлгүүр тонон дээрэмдсэн хэрэг гарчээ. Үүний дараагаар ерөнхийлөгч Дональд Трамп тус мужид хууль, дэг жаягыг сэргээхийг уриалан жиргэжээ. Тэрээр жагсагчид дээрэм, тонуул хийж байна гээд Үндэсний Гвардийн цэргүүдийг илгээхийг уриалсан байна. Гэхдээ зарим хотод эсэргүүцлийн хөдөлгөөн тайван замаар өрнөж байгаа юм. Тухайлбал, Денвер хотод олон мянган иргэн гараа ардаа барин түрүүлгээ харан газар хэвтэж, “Би амьсгалж чадахгүй байна” гэх Жорж Флойдын сүүлийн үгийг давтан хэлж байна.
Атланта, Бостон болон Оклахома хотуудад мөн л олон мянган хүнийг хамарсан жагсаал үргэлжилсээр байгаа юм. АНУ-д 1968 оноос хойших хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байгааг олон улсын зарим хэвлэлд онцолжээ. 1968 онд Америк дахь арьс, өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч Мартин Лютер Кингийн аминд халдсан хэрэг гарч, улс орныг бүхэлдээ нь хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байжээ. Өнөөдрийн байдлаар Америкийн нийт 80 орчим хотод жагсаал, цуглаан болж байгаа юм. Америкийн нийгэм дэхь өнгөөр ялгаварлах болон эдийн засаг, нийгмийн тэнцвэрт бус байдалд бухимдсан иргэдийн уур хилэнг Жорж Флойдын хэрэг дэвэргэж өгсөн гэж Би Би Си агентлаг мэдээлжээ. Associated Press агентлагийн тооцоолж буйгаар энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн, тэмцэл эхэлснээс хойш 4100 орчим хүнийг баривчлаад байна.
АНУ: 80 орчим хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна | ||
Үзсэн: 1862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.