Шууд Chart

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг батлав

2014-04-08 12:39:24

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг батлав. 

Тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулж, гуравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм.
 
Байнгын хороо хууль санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 5, Байнгын хороодоос 41, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүдээс 99, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараас 10, Засгийн газраас 95, нийт 250 төсөл хэлэлцүүлэхээр санал ирүүлсэн байна.
 
Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацааг заасан хууль, тогтоолын төслүүд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүдийг тусгах зарчмыг баримтлан 25 төслийг тогтоолын төсөлд тусгасан ажээ.
 
Байнгын хорооны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Л.Цог тогтоолын төсөлд “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн төслийг нэмж тусгах зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн учраас дээрх 25 төсөлд оруулсан юм.
 
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд өөрийн боловсруулсан болон өөрийн намын бүлгийн санаачилсан хуулийн төслийн хурдан шийдэх шаардлагатай байгаа талаар саналаа хэлж хуулийн төслүүдийг жагсаалтад оруулахдаа намын бүлгээр нь ялгаварлаж хандаж байна гэсэн юм.
 
Энэ асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга АБакей "Энэ 250 төслийг бүгдийг нь хэлэлцэх боломжгүй. Манай байнгын хороо хэлэлцэж байж чухал гэсэн төслүүдийг сонгосон. Тэрнээс биш ялгавартай хандсан зүйл байхгүй. Жишээ нь Ардчилсан намаас 38 хуулийн төслөөс нь долоог нь өргөн бариад түүнээс жагсаалтад гурав нь л орсон. МАН-аас 26 тогтоолын төслийн мөн долоог нь өргөн баригдаад жагсаалтад дөрөв нь л орсон." гэсэн хариултыг өгсөн юм.
 
Хурлын үеэр С.Ганбаатр гишүүн Тэтгэврийн даатгалын тухай хуулийг яаралтай хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн бол Л.Эрдэнэчимэг гишүүн өрийн санаачлан болоьсруулж өргөн барьсан Архины хяналтын тухай хуулийг яаралтай шийдэх хэрэгтэй гэдгийг мөн хэлсэн юм.  
 
Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 60 гишүүний 48 нь зөвшөөрч 80 хувийн саналаар “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоол батлагдлаа.
 
 
Өнөөдрийн чуулганаар батлагдсан хэлэлцэх асуудлын жагсаалтыг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Улсын Их Хурлын 2014 оны хаврынээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд:
 
1.Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:
 
1/“Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан;
2/“Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
3/“Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
4/“Монгол Улсынэдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
6/“Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
7/Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;                                                                                                                  
8/“Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
9/Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
10/Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл;                                 
11/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
12/Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл; 
13/Мөрдөх албаны тухай хуулийн төсөл;
14/Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
15/Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
16/Галт зэвсгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
17/Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;  
18/Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл; 
19/Шилэн дансны тухай хуулийн төсөл;
 20/“Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 21/Худалдааны тухай хуулийн төсөл;
22/Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
23/Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд;
24/Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл;                        
25/Бусад.
            
Нийтэлсэн: О.Энхмаа

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг батлав  
Үзсэн: 1143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй