"Монголын сагсны анхны элэглэгч” хэмээн нэрийдэгдсэн Эрдэнэбаярын Эрдэнэсайхан хэмээх залуутай нүүр номоор танилцаж, ярилцлага авав. Тэрбээр өдгөө БНСУ-ын Тэгү хотод ажиллаж, амьдарч байгаа бөгөөд пэйждээ хамгийн олон дагагчтай хүмүүсийн тоонд багтаж байна. Түүнээс дараах асуултад хариулт авав.
-Сошиал орчинд та нэлээн танилтай болжээ. Элэглэгч гэдэг талаас нь илүү мэддэг юм шиг санагдлаа. Таны үндсэн мэргэжил юу вэ?
-Яг үнэндээ ийм олон дагагчтай болно гэж зүүдэлсэнгүй явжээ. Тууштай бичлэг хийсний тус болов уу. Би ХҮДС-ийн Худалдааны менежментийн ангийг төгссөн.
-Мэргэжлээрээ ажиллаж байсан уу. Солонгост очоод хэдэн жил болж байгаа вэ?
-Ажиллаагүй гэхэд болно доо. БНСУ-д ирээд ажилласан жилийн маань тоо хоёр оронтой тоо руу орчихжээ.
-Таны төрсөн нутаг Дархан-Уул аймаг гэж сонссон. Мөн сагс тоглодог байсан гээд л ...
-Тийм ээ, би Дархан-Уул аймгийн уугуул хүүхэд. Гүржав багшийн шавь. Сагсан бөмбөгийн спортын мастер цолтой.
-Энэ спортын төрлөөр ямар амжилт үзүүлж байсан бэ. Улсын лигт харьяалагддаг байсан уу. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын шавь байсан гэсэн ...
-Анх 2001 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Дараа нь ХҮДС-д оюутан болоод Ц.Цэвэрбал багшийн шавь болж, тухайн үед Эрдэнэбат, Оршихоо, Цогтоо, Цэска, Дариа, Гонгор нарын зэрэг ах нартай 2002 лигийн мөнгө, насанд хүрэгчид болон оюутны лиг, оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаж байсан. Эдгээр амжилтыг гаргахад маш их тус хүргэсэн багшдаа баярлаж явдаг даа.
-Энэ спортоороо яагаад дагнаагүй юм бэ. Эсвэл БНСУ-руу явах гээд орхисон юм уу?
-Гадаад улсад гарч ажиллангаа юм үзэж, нүд тайлъя гэж бодсон. Гэхдээ одоо ч сагсан бөмбөгөө тоглосоор байна. Ер нь хэзээ ч орхиж чадахгүй юм билээ.
Солонгост тэмцээнд оролцдог гэж үү. Бэлтгэл хийх, баг бүрдүүлэх боломж хэр байдаг вэ?
-Эхлээд Монголчуудын оролцдог тэмцээнд алгасалгүй ордог байсан. Дараа нь Филлипиний лигт тоглож үзсэн. Тус лигт ганцаарахнаа гадаад тоглогч байсан нь би. Гэхдээ бэлтгэл ч гэж юу байх вэ дээ. Найзуудаараа л тоглодог байсан. Гэвч манай “Буганууд” багийн гишүүд нутаг буцсан болохоор одоогоор Comedy урлаг руу орсон.
-Филиппин болон Монголынхоо багт тоглохдоо ямар амжилт үзүүлсэн бэ. Шагнал, цалингийн хувьд хэр элбэг байв?
-Филиппиний лигт гуравдугаар байр эзэлж, шагналын цомоо гэртээ хадгалж байгаа. Монголчуудын тэмцээний амжилтыг дурдвал маш их цаг орох тул алгасъя. Гэхдээ энд цалин, хангамжийн талаар ярих юм байхгүй ээ. Сонирхолдоо хөтлөгдөөд л тоглоцгоодог. Гэхдээ Инчоны Золзаяа эзэнтэй “Шуурхай тээвэр” компанийн хамт олон “Буганууд” багийг маань ивээн тэтгэж байсанд гүнээ талархаж байснаа хэлье.
-Одоо та comedy урлагт нэгджээ. Ямар тохиолдлоор энэ урлагийн төрлийг сонгох болов?
-Comedy урлагийг сонгоно гэж төсөөлж ч байгаагүй. Гэхдээ энэ төрөлд жаахан авьяастай харагдсан юм уу, comedy-гийн 2-3 урилга ирж байсан. Гэвч зөвшөөрч байгаагүй ээ. Гэтэл миний амьдардаг хотод байдаг Золбоо гэдэг дүү намайг урамшуулж, өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд "Аз Хур" хоолны газар анхны шоугаа хийсэн. Дараагийн шоугаа Сөүлд хийх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ ашгийн бус шүү (инээв,сурв).
-Монголд болж байгаа комедогийн залуусын бичлэгийг үздэг үү. Тийм бол ямар санагддаг вэ?
-Гурван сарын хугацаагаар ирсэн дүү маань дээхнэ нэг үзүүлсэн. Өмнө нь би тийм залуус байдгийг мэддэггүй байлаа. Содоо, Амараа, Сантий нартай чатаар дотно ч болсон. Гэхдээ Батааг мундаг, дайчин гэдгийг мэдсэн.
-Өөрийгөө тэд нартай харьцуулахад үг сонголт, үзэгчдийг татах чадвар ямар гэж боддог вэ?
-Тэд нарын хажууд би жулдах байлгүй дээ.
-Комедогийн залуучууд шоуныхаа үеэр маш их хараал хэлдэг. Энэ байдал танд ямар санагддаг вэ?
-Би анх үзээд их гайхсан. Бараг инээгээгүй. Дараа нь хараал хэлж болдог юм байна гэж бодоод өөрийнхөө элэглэлүүддээ нэлээн хараал хэлсэн. Гэвч нэг л эвгүй санагдаад больсон. Тэдгээр бичлэгээ пэйжээсээ хүртэл устгасан. Хараал хэт их хэрэглэх дэмий юм билээ.
-Таны анхны элэглэл юу байсан бэ. Сагсчин Т.Санчирыг элэглэсэн гэж сонссон. Харин тэр хүн хэрхэн хүлээж авсан бол ...
-Тийм шүү, миний анхны элэглэлийн эздийн нэг Санчир байсан. Гурвын шугамаас хоёр удаа дараалж хийх хэрэгтэй байсан нь хамгийн эхний оролдлогоор амжилттай болж байсан. Тэр бичлэгээ Энхүүш гэдэг дүүгээрээ хийлгэсэн. Ер нь сагсчид мааз ойлгохдоо сайн даа. Зөвөөр хүлээж авсан байх.
-Тэрнээс хойш хэчнээн хүнийг элэглэсэн бэ?
-Анх 10 элэглэл хийснийхээ дараа сэдэвгүй болох байх гэж бодож байлаа. “Youtube”-ээс ч сэдэв эрэлхийлж байв. Харин одоо facebook хөгжөөд шал өөр болжээ. Би сагчин Мөнхболд, Баттөр, Түвшин, “Nba Talk” Идэрээ, Боргоо ах, Цэвэлдорж, Шараваа ах, Энхийн-Од, “Гарьд”-ийн Доржоо нарыг элэглэж байснаа тод санаж байна.
-Анх яагаад элэглэлийг сонгосон юм бэ. Миний сонссоноор цэргийн начин, онигоочин А.Тэгшээ агсныг дууриаж эхэлсэн гэх юм билээ ...
-“Бөхийн спортод А.Тэгшээ агсан байхад сагсан бөмбөгт яагаад би байж болохгүй гэж” гээд л зориг шулуудсан. +17 цуврал шиг арын алба, нүүр хувиргагч, мэргэжлийн студи надад байвал хийх юм үнэндээ л их байна. Даанч бор зүрх, хобби, гар утаснаас өөр юм алга. Мөн хамтрагчид их хэрэг болох юм аа.
-Сагс тоглохоос гадна бөхийн спорт руу орох дөхсөн гэсэн үнэн үү ...
-Миний хувьд тийм сонирхол байгаагүй ээ. Хялгантад байдаг байсан хамаатны ах Мягмар агсан манай гэрийнхэнд “Хайран хүүхэд бөх болгох байсан юм. Тэр хөл, гарыг нь хар” гээд их үглэдэг байж билээ. Харин би “Дургүйд хүчгүй” л гэдэг болсон доо.
-Таныг пэйжээрээ лайв хийж эхлэх үед зарим хүн сөрөг сэтгэгдэл үлдээж байсан. Харин та хэрхэн хүлээж авсан бэ?
-Ер нь юм хийж байгаа хүн л шүүмжлүүлж, юу ч хийгээгүй нь ямар ч үг сонсолгүй өнгөрдөг шүү дээ. Би тэдний хэлсэн шиг болчихгүй. Тэд ч намайг амжихгүй.
-Сагсан бөмбөгөөс гадна өөр юу сонирхдог вэ. Цуглуулга ч юм уу?
-Пүүл бильярд, хөл бөмбөг, дуу, бүжиг сонирхдог. Мөн snap малгай, цүнх түрийвчний цуглуулгатай.
Танай гэр бүлийнхнээс хүн цаашлуулж, хочилдог хүн гэвэл хэн байгаа вэ. Элэглэх болон сагс тоглох авьяасыг хэнээс өвлөсөн бол ...
-Аав маань маш алиа хошин зантай сэргэлэн, хөдөлмөрч хүн байсан. Хөл бөмбөгийн спортын мастер хайрт аавыгаа үүрд санан дурсана. Өдий зэрэгтэй яваа минь аавын минь хүмүүжилтэй шууд холбоотой.
-Дарханд байхдаа танайх хиам хийдэг байсан гэсэн. Тэр үеэ эргэн дурсвал ...
-Тийм ээ, сайн мэдэж байна шүү. Дөрөвдүгээр ангид сурч байхдаа гахайн мах утаад л, үүрээд л, дэлгүүрүүдээр тараадаг байлаа. Багаасааа наймаатай ойр өссөн болохоор ийм ажилд дуртай. Юуг ч зарж чадах байхаа.
-Солонгост эхнэр хүүхэдтэйгээ байдаг бололтой харагдсан. Эх орондоо хэзээ ирэх гэж байна вэ?
-Тийм ээ, гэр бүлээрээ байгаа. Зорилгоо гүйцээчихээд Монгол руугаа очино доо. Миний нэг мөрөөдөл спортын сэтгүүлч болох байлаа. Бага байхдаа “Одод” студийн нэвтрүүлэгч Н.Тамир ахыг хараад л тэр. Харин эх орондоо очихоороо зөвхөн сагсны спортын нэвтрүүлэг бэлтгэнэ гэж бодож байгаа. Одоогоор манайхан дагнасан тийм нэвтрүүлэг хийгээгүй л байна. Гэхдээ сагсны олон нэвтрүүлэг гарсан юм шиг байна билээ.
-Пэйжийг чинь нэг хүн 10 сая төгрөгөөр худалдаж авья гэж хэлсэн гэл үү?
-Нэг дуучин надаас “ зарах уу” гэж асуухаар нь би “10 саяар авъя гэсэн ч би зарахгүй ээ. Надад мөнгө олдоно. Харин ийм их дагагч дахиж цугахгүй байх аа” гэж хэлсэн.
-Ярилцсанд баярлалаа.
Э.Эрдэнэсайхан: "Comedy"-гийн залуус хараалын үг их хэлдэг нь надад таалагддаггүй | ||
Үзсэн: 5686 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.