Шууд Chart

"Улирал ба зохиолч" сэтгүүлийн 26 дахь дугаар хэвлэгдэн гарчээ

2020-06-09 09:36:49

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дан.Нямаагийн эрхлэн гаргадаг "Улирал ба зохиолч" сэтгүүлийн 26 дахь дугаар хэвлэгдэн гарчээ.

Зуны энэхүү дугаарт Монголын анхны кино зохиолч, найруулагч, бага хэмээх Төмөрийн Нацагдоржийн 110 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний сонирхолтой өгүүлэл, уран зохиолын Нобелийн анхны шагналтан Францын яруу найрагч Сюлли Прюдомын намтар, уран бүтээл, эрдэмтэн зохиолч Бямбын Ренчины уянгын шүлгүүд, Д.Урианхай, Г.Бадам, Ч.Пүрэвдорж Х.Байыт нарын шинэ шүлэг, уран зохиол шинжээч доктор Г.Батсуурийн шүүмж, нэрт яруу найрагч М.Цэдэндоржоос зохиолч Л.Нямаад бичсэн захидал зэрэг онц сонирхолтой туурвилууд багтжээ.

Тэрчлэн уламжлалт “Сондор”, “Тууж”, “Өгүүллэг”, Гадаадын уран зохиол, Фото тэмдэглэл, Дуун хөрвүүлэгчийн цэцэрлэг, “Сүүтэй дөрөө” буланд ч сэтгэлийн цэнгэл эдлэм шинэ бүтээл бичигдсэн байна.

Энэ дугаараас “Аавын тухай дуун”, “Зориулалт шүлэг” шинэ булан нээгдсэн нь ихэд сонирхол татаж байна. “Аавын тухай дуун” буланг нэрт сэтгүүлч, “Өдрийн сонин”-ы хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяагийн “Аавын нөмөр” дурсамжаар эхэлжээ.

Хүн бүрийн сэтгэл дотор аавын тухай дуун насан туршид нь эгшиглэж амьдрахуйн утга тарнийг шившиж байдаг ажээ. Энэ булан уншигчийг ухаарал хайрын харгуйд хөтлөх бөгөөд хэн ч энэ буланд аавынхаа тухай хууч, дурсамж, эрхэмсэг нандин бичвэрээ илгээж болно гэж сэтгүүлийн зөвлөл үзжээ.

Түүнчлэн “Зориулалт шүлгийн булан”-д яруу найрагч, зохиолчдын бие биендээ зориулж бичсэн шүлгүүд тавигдсан байна. Эхний удаад яруу найрагч Гочоогийн Бадамын зохиолч До.Цэнджав, яруу найрагч Ц.Чимиддорж нарт бичсэн шүлгүүдийг унших боломжтой юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Улирал ба зохиолч" сэтгүүлийн 26 дахь дугаар хэвлэгдэн гарчээ  
Үзсэн: 695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй