Шууд Chart

Ч.Хүрэлбаатар: Ам.долларын ханш 1800 төгрөгт хүрнэ гэдгийг анхааруулж байсан

2014-04-09 11:18:31

Эдийн засгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулган эхэллээ. Энэ үеэр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа талаар бүгд ярьж байна. Тэгэхээр эдийн засгийн хүнд байдлыг даван туулахын тулд УИХ-ын гишүүд болон МАН-ын бүлгээс ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Хүмүүс санаж байгаа байх. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хаврын чуулган эхлэх үед МАН-ын бүлгийн гишүүд валютын ханш 1700-1800 төгрөгт хүрнэ, оны төгсгөлөөр эдийн засгийн хүндрэл үүснэ гэдгийг анхааруулж  хэлж байсан. Тухайн үед долларын ханш бол 1410 төгрөг байсан, хэн ч тоогоогүй. Харин өнөөдөр бодит байдал дээр төлбөрийн балансны алдагдлаас үүдэлтэй валютын ханшны хямрал манай улсад үүсээд байна. Яагаад валютын ханшны хямрал гэж байна вэ гэхээр өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад валютын ханш үндсэндээ 30 хувиар уначихсан байгаа юм. 30 хувиар унасан валютын ханшны уналтыг хямрал гэдэг. Энэ хямрал юунаас эхлэлтэй вэ гээд аваад үзэхээр төлбөрийн балансын алдагдал. Төлбөрийн балансын алдагдал гэдэг нь Монгол Улсад орж байгаа долларын хэмжээ багассан гэсэн үг. Энэ нь ямар учир шалтгаантай вэ гэхээр нэгдүгээрт манай улсад гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхээ больчихсон. Гадаадын хөрөнгө оруулагчид манай улсыг хөрөнгө оруулахад таатай орон гэж үзэхгүй байхад Монгол Улс руу орж ирэх долларын урсгал эрс багассан. Хоёрдугаарт нь Засгийн газар анх байгуулагдахдаа л Чалкогийн гэрээг шүүмжилж ирсэн. Тухайг үед нэг тонн нүүрсийг нь 73 доллараар зардаг гэрээг шүүмжилж байсан бол өнөөдөр нэг тонн нүүрсийг 38 доллараар зарж байна. Шүүмжилж байсан хэмжээндээ ч хүрч чадахгүй, үндсэндээ нүүрсний үнийг хоёр дахин буулгасан байна. Зэсийн үнэ бас унаж байгаа. Ингээд аваад үзэхээр экспортын орлого буурсантай холбоотойгоор бас ингэж долларын ханш унаж байна.
 
-Тэгэхээр валютын ханшны хямрал нь эдийн засгийн хямралыг үүсгээд байгаа гэсэн үг үү?
 
-Ингээд валютын ханшны хямрал явагдахаар энэ нь эргээд санхүүгийн хямрал болдог. Санхүүгийн хямрал нь эргээд эдийн засгийн хямрал болж байгаа. Яагаад гэхээр доллараар зээлтэй аж ахуйн нэгжүүд мөн эдийн засгийн хямралаас болоод аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа үндсэндээ зогссон байгаа. Эдийн засгийн идэвхижилт үндсэндээ тэг болсон гэсэн үг. Энэ үед эрх баригчид, Засгийн газрын гишүүд нь ард иргэдийн амьдрал сайхан байгаа юм шиг яриад байна. Тэгсэн хэрнээ эдийн засгийн хямралаас яаж гарах талаараа ярихгүй байна.
Харин өчигдөр Эдийн засгийн хөгжлийн сайд УИХ дээр энэ эдийн засгийн хямралт байдлаас яаж гарах вэ гэдэг төлөвлөгөөгөө оруулж ирсэнд баярлаж байгаа.
 
-Дэлхийн эдийн засаг хямралтай байгаа учраас манай улсад эдийн засаг хямраад байна гэсэн асуудал яригдаад байгаа?
 
-Дэлхийн эдийн засаг хямраагүй, АНУ-ын эдийн засаг сайн байгаа. Хятадын эдийн засаг мөн тогтвортой байна. Европийн засаг Грекийн хямралтай холбоотой асуудал 2012 оноос засагдаад үндсэндээ сэргэчихсэн байгаа. Дэлхий дээр эдийн засаг хямраад байгаа учраас манайх ингэж байгаа мэтээр Засгийн газрын гишүүд өөрсдөө худлаа мэдээлэл гаргаад байна. Юу ч гэсэн эдийн засгийн хямралаас гарах асуудлаа УИХ-д танилцуулж байна гэдэг нь тэр хий төөрөлдөж байгаагаасаа гарч байгаа юм болов уу гэж бодож байна.
 
-Өчигдөр УИХ-ын чуулганаар энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг батласан. Таны хэлээд байгаа “Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын гуравдугаарт батлалаа?
 
-Тэгсэн. Уг нь хамгийн эхэнд үүнийгээ хэлэлцэх ёстой байсан юм. Тухайлбал, энэ 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015 онд Монгол Улсаа хөгжүүлэх нийгэм эдийн засгийн үндсэн чиглэл зэргийг бол дараа нь л ярих ёстой.
 
-Одоо нэгэнт ийм эдийн засгийн хямралт байдал үүсчихсэн бол үүнээс яаж гарах вэ?
 
-Юуны өмнө эхлээд энэ эдийн засгийн хүндрэл юунаас эхлэлтэй вэ гэдгийг тодруулах ёстой. Тэгэхээр түрүүний хэлдэг валютын ханшны хямралаас үүдэлтэй. Валютын ханшны хямрал нь төлбөрийн балансны алдагдал буюу энэ төр засгийн алдаатай бодлогоос үүдэлтэй юм. Тэгэхээр Засгийн газар энэ өөрийн алдаатай бодлогыг засах ёстой. Ард түмнээсээ уучлалт гуйх ёстой. УИХ-ын сонгуульд оролцохдоо Оюутолгойн гэрээг сайжруулна гэсэн, гэвч тэгж чадсангүй. Мөн хөрөнгө оруулагчидтайгаа ойлголцох ёстой. Тухайлбал, Тавантолгойн асуудал дээр томоохон алдаанууд гаргасан. Мөн хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэж авах талаар, хоёр хөрш орнуудтай болон дэлхийн томоохон орнуудтай харьцах харилцаан дээрээ нилээд сайн анхаарах ёстой. Товчхондоо бол энэ эдийн засгийн хямралыг бий болгосон шалтгаануудаа засах ёстой.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ч.Хүрэлбаатар: Ам.долларын ханш 1800 төгрөгт хүрнэ гэдгийг анхааруулж байсан  
Үзсэн: 3335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-07-26 20:51
та нараас л болж ийм байдалд хүрч байгаа биз дээ... Ичээсэй өөрөөсөө...
182.160.44.xxx [182.160.44.xxx] 2014-04-13 01:20
Их сайн байнаа Хүрэлбаатараа. би чамтай уулзаж ирээдүйгээ нэг үзүүлмээр байна.
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2014-04-12 12:34
НЇЇХС ДОМБАРДАНД ХЭНИЙ НАМ ТАВЬСАН ВЭ ИХ СЇХИЙ ХООСОН ЮМ МЭДДЭГ ХРЇМЇЇС

Бидэнтэй нэгдээрэй