Шууд Chart

Зургаадугаар сарын 22: Оросын ард түмний дурсамж эмгэнэлийн өдөр

2020-06-22 11:40:13

Өнөөдрөөс яг 79 жилийн өмнө, 1941 оны зургаадугаар сарын 22-нд нацистын Германы армиуд ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмрөн орж ирж халдан довтолсноор харийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг боссон Зөвлөлтийн ард түмний баатарлаг Агуу их Эх орны дайн эхэлсэн билээ.

Хожим нь буюу 1996 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар фашистын түрэмгийлэгчдийн эсрэг Эх орны агуу их дайн эхэлсэн энэхүү өдрийг Дурсамж эмгэнэлийн өдөр болгохоор тогтжээ. 

Уг зарлигт: “Фашистын зандалчдын гарт болон бүслэлтийн улмаас өлсгөлөнгөөр амь үрэгдэгсдийг энэ өдөр бидэнд сануулж байна. Эх орноо хамгаалах иргэний үүргээ өөрийн амь насаа золиослон, асар их үнэ цэнээр биелүүлсэн тэдгээр эх орончдынхоо төлөө бид энэ өдөр эмгэнэн гашуудах болно” хэмээн өгүүлсэн байна.

1941 оны зургаадугаар сарын 22-ны үүрээр фашистын Герман дайн зарлалгүйгээр ЗХУ руу довтолсон билээ. Тухайн үед ЗХУ-ын хил рүү Германы 157 дивиз, түүний европын холбоотнуудын 37 дивизийн 5.5 сая гаруй цэрэг офицерүүд татагдсан байжээ. Тэдний зэвсэглэлд нийт 4.3 мянган танк, 5 мянган онгоц, 47.2 мянган хүнд их буу, миномет байв.

Энэхүү нүсэр хүчин чадалтай түрэмгийллийн эсрэг 170 дивизийн 2.9 сая хүн тэмцэж байжээ. Хүч тэнцвэргүй, цус урсгасан энэ дайн 1418 хоног үргэлжлэн, албан ёсны мэдээгээр 27 сая хүн амь үрэгдсэний 18 сая нь энгийн ард иргэд байсан аж.  Зөвлөлтийн арми 8.7 сая дайчдаа алдаж, фашистын хорих ангиудад 4 сая зөвлөлтийн иргэд тарчлан тамлагдсан байна. Дайны жилүүдэд нийтдээ 4.5 сая цэрэг фашистуудад олзлогдсоноос 2 сая гаруй нь амь үрэгджээ.

Дайны хөлд 1710 хот, 70 мянга гаруй тосгон нэрвэгдэн сүйрч, ЗХУ 1941 оны ханшаар 679 тэрбум рубль буюу үндэсний баялгийн 30%-тай тэнцэхүйц материаллаг гарз хохирол амссан байна.

Агуу эх орны дайнд ЗХУ өөрийн дайчдын эх орноо гэсэн чин зүрхний баатарлаг гавьяагаар ялалт байгуулсан билээ. ЗХУ-ын баатар цолны эхний зарлигууд 1941 оны 7-р сард гарч, 11.5 мянга гаруй зөвлөлтийн дайчид энэхүү өндөр цол хэргэмийг хүртсэн аж.

Эн л хүнд хэцүү өдрүүдэд буюу нацистын Германы жолоодогч Гитлерээр толгойлуулсан европын фашист дэглэмүүд 1939 онд ЗХУ-тай байгуулсан байсан "Харилцан үл довтлох гэрээ"-гээ итгэл эвдэн зөрчиж ЗХУ-ын баруун ба баруун өмнөд хилээр 1800 км өргөн фронтоор цөмрөн орж халдан довтлосноос 4-хөн хоногийн дараа яруу найрагч В. И. Лебедев-Кумач, Зөвлөлтийн алдарт хөгжмийн удирдаач А.В.Александров нарын  зохиосон “Ариун дайн” гэдэг алдарт дуу цууриатаж, Оросын ард түмний эх орноо хамгаалах ариун дайнд босохыг уриалсан гэдэг.

1941 оны зургадугаар сарын 26-нд баруун чиглэл рүү галт тэрэгний цувуунууд хөдөлдөг Белорусын вокзал дээр Улаан армийн улаан тугийн одонт дуу бүжгийн чуулга энэ дууг анх удаагаа сүр жавхлантайяа дуулж дайчдыг фронтод үдсэн юм.

Олон сая хүний амь насыг авч одон, дэлхийн олон улс орныг сүйрүүлэн үгүйрүүлсэн аймшигт дайны сургамжийг ХЭН Ч, ХЭЗЭЭ Ч мартаж үл болохыг түүх бидэнд сануулсаар л байна...


Зургаадугаар сарын 22: Оросын ард түмний дурсамж эмгэнэлийн өдөр  
Үзсэн: 1550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй