Шууд Chart

Б.Болорцэцэг: Бэлтгэл хийх байраар л хангаад өгвөл бид бусдыг нь үргэлжлүүлнэ

2020-06-22 13:11:37

Сүхбаатар дүүргийн Бэлхэд “Ахан дүүс” нэртэй таеквондогийн клүб нээгдэж, олон хүүхэд хичээллэж байна хэмээн нэгэн эх сурвалж мэдээллэв.

Энэ дагуу сурвалжилж, үүсгэн байгуулагч бүсгүйтэй уулзсан юм. Түүнийг Б.Болорцэцэг гэдэг бөгөөд сувилагч мэргэжилтэй.

Тэс өөр мэргэжлийн хүн ийм клүб нээснийг мэдээд улам сонирхож, дараах асуултанд хариулт авсан юм.

-Таныг таеквондогийн клуб нээсэн гэж дуулсан. Гэхдээ үндсэн мэргэжил тань сувилагч юм билээ. Тэгэхээр энэ спортын төрөлд сонирхолтой болоход юу нөлөөлсөн бэ?

-Тийм ээ би, сувилагч мэргэжилтэй. Монгол-Япон эмнэлэгт ажилладаг. Харин миний амьдарч буй газар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Бэлх. Хүүгээ ямар нэг дугуйланд явуулах гэхээр хотын төвөөс хол тул үргэлж хамрагдах боломж байдаггүй. Үүнээс үүдэж гурван жилийн өмнө дүүтэйгээ “Гэрийнхээ ойролцоо хүүхэд хөгжлийн төв байгуулж, энэ хавийнхаа хүүхдүүдийг спортоор хичээллэх боломжийг нь олгох юмсан” гэж ярьж байлаа. Учир нь хотын захын хүүхдүүд дуртай спортоороо хичээллэхийн тулд хотын төв рүү тэр бүр яваад байж чадахгүй шүү дээ. Ингээд тэр ярианаас хойш жилийн дараа буюу 2018 оны сүүлчээр таеквондогийн багш мэргэжилтэй хамаатны ахтайгаа таарч дээрх мөрөөдлөө хэлэхэд таатай хүлээж авсан. Нэг эхлүүлчихвэл цаашдаа хүүхэд залуус, жирэмсэн ээжүүдэд зориулсан теннис, шатар, даам, номын сан, иог зэрэг төрлийг нэмж болох юм гэсэн мөрөөдлөөр клубээ нээсэн.

104359889_189456865804442_2969475141765040687_n

-Зээл авч байгаад клубээ нээсэн гэсэн. Хэдэн жил үргэлжлүүлсэн бэ. Хэдийн хэрийн хэмжээний хөрөнгө шаардагдав?

-Мэдээж аливаа ажлыг эхлүүлэхэд мөнгө санхүү хэрэгтэй бололгүй яах вэ. "Гүүд партнерс" ХЗХ-оос бага хүүтэй зээл авсан. Ингээд клүбдээ шаардлагатай бүх хэрэгсэлээ интернетээр хайж байгаад БНХАУ-аас захиалж авсан.

-Клүбт хичээллэх хүсэлтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг байсан гэсэн. Хэдээс хэдэн насны хэчнээн хүүхэд хичээллэдэг байсан бэ?

-2019-2020 он хүртэл жил орчмын хугацаанд энэ клуб маань маш амжилттай ажилласан. Амжилт гэдгийг би хүүхдүүдийнхээ гаргасан амжилтыг хэлж байгаа юм шүү. Хүүхдүүд маань нийслэл, дүүрэг, орон нутаг, олон улсын томоохон тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэнээс гадна багаараа цом гардаж байлаа. Түүнчлэн цагаанаас хар бүс авах хүртэл зэргээ ахиулсан. Багш маань өөрөө энэ спортод амьдралаа зориулж яваа хүн. Олон ч шавьтай. Спорт бол хүүхдийг бие бялдрын болон хүмүүжлийн хувьд маш их үр өгөөжтэй юм байна гэдгийг хүүгээрээ дамжуулж мэдэрч байсан. Маш их тэвчээртэй, зорилготой, хүсэл тэмүүлэлтэй, эрэмбэтэй болдог юм билээ. Мөн тэд клүбтээ бэлтгэлээ хийх маш их дуртай.

-Танай клүб үнэ төлбөрийн хувьд харьцангуй хямд гэсэн. Энэ талд танайд хичээллэдэг хүүхдүүдийн аав, ээж ч таатай хүлээж авдаг болов уу?

-Тийм ээ. Манайх нэг хүүхдээс сард 60 мянган төгрөгийн төлбөр авдаг. Хэрвээ нэг айлын хоёр хүүхэд хичээллэх бол нэгээс нь төлбөр огт авдаггүй. Гэвч зарим гэр бүл төлбөрөө үргэлжлүүлэх боломжгүй тохиолдол үүсч, хүүхдүүдээ явуулахгүйд хүрдэг. Хэдийгээр бид тэдгээр хүүхдийг алдахыг хүсдэггүй ч үйл ажиллаагаа тогтвортой явуулахын тулд төлбөрөө яалт ч үгүй авахаас өөр арга үгүй. Бид хичнээн дэмжиж, үнэ төлбөргүй явуулах боломж одоогоор даанч алга. Өөрсдөө зээлээр ажлаа эхэлсэн болохоор зээл, зээлийн хүү биднийг хүлээхгүй урсана шүү дээ. Коронавирусийн халдварт өвчин дэдхий нийтийг айлгаж байгаа энэ цаг үед олон газар үүдээ байриад байгаагийн нэг нь бид. Мэдээж зээл олгосон “Гүүд партнерс” ХЗХ бидэнд түр зээлийн хүүг тодорхой хугацаанд хойшлуулж тусалж байгаа ч зээл бол зээл шүү дээ. Энэ дашрмд хэлэхэд хотын захын дүүрэгт хүүхэд хөгжүүлэх төвүүдийг олноор байгуулах зайлшгүй шаардлагатай. Төрөөс бодлоготойгоор дэмжих хэрэгтэй. Саяхан хүүхдүүд тоглох тоглоомын талбай байхгүйгээс болж харамсалтайгаар амь насаа алдсаныг бид мартаж огтхон ч болохгүй. Хүн бүр хүүхдээ хамгаалаасай, хайрлаасай, хүүхдэд ээлтэй орчинтой болохын төлөө хичээгээсэй. Энх цагт хүүхдүүд минь эцэг эхийн хариуцлагагүйгээс, төр засгийн хүүхдэд ээлгүй бодлогоос болж бүү эндээсэй. Зөв иргэн, зөв Монголын ирээдүйг цогцлоохын төлөө хүн бүхэн хичээгээсэй.

104489120_3033592993384187_283752171687947115_n

-Клүбийнхээ үйл ажиллагааг явуулахын тулд танай хамт олонд юу шаардлагатай байна вэ?

-Бэлтгэлээ явуулах байр л чухал байна. Харин бидэнд материал, багш, бэлтгэл хийх хүүхдүүд бэлэн байгаа. Энэ асуудал шийдэгдвэл бид ядаж коронавирүсийн хориг өнгөртөл хүүхдүүдээ үнэ төлбөргүйгээр хичээллүүлэх боломж бий. Болдогсон бол төрөөс байраар хангаад дасгалжуулагчийг цалинжуулаад өгвөл бид илүү олон хүүхэд үнэ төлбөргүйгээр сургах төлөвлөгөө бий.

-Ярилцсанд баярлалаа. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Болорцэцэг: Бэлтгэл хийх байраар л хангаад өгвөл бид бусдыг нь үргэлжлүүлнэ   
Үзсэн: 1649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй