Шууд Chart

"Замын тэнгэр"-тэй машинчид

2020-07-03 09:15:07

Зургадугаар сарын 21. Ням гараг. Тэнгэр алаг цоог үүлтэй ч тогтуухан өдөр. 12.30 цагт Чойрын машинч нарын Амрах байрнаас Улаанбаатар татах хэсгийн ашиглалтын XI цувааны машинч С.Мягмарсүрэн, туслах машинч Э.Ган-Эрдэнэ нар дуудагдав. Тэд дүрэм ёсоор Сайншандын зүтгүүрийн бригадаас ажлаа хүлээн авч, 2657 дугаар галт тэргийг жолоодон аялалд гарлаа.

15.50 цагийн орчимд. 58 вагоны бүрэлдэхүүн бүхий, 1899 тонн жинтэй ачааны галт тэрэг Улаанбаатарыг зүглэн хурдалсаар  Оорцог-Энгэр зөрлөгөөр өнгөрөх үед тэнгэрт  аадрын үүл хуралдан тэнгэр харанхуйлж эхлэв. Аянга, цахилгаантай үед зүтгүүрийн дотоод эд ангид цахилгааны гэмтэл гарч болзошгүй тул  машинч С.Мягмарсүрэн тэрэгнийхээ бүх хөргөлтийг дотроос нь авахаар тохируулахыг туслах машинчдаа даалгав. Туслах машинч Э.Ган-Эрдэнэ машинчаас өгсөн үүргийг биелүүлэх зуур эргэлзсэн зүйлээ С.Мягмарсүрэнгээс асуун алхам бүртээ хяналт тавин ажиллаж байлаа. Ингэснээр чийгтэй бус хуурай агаараар хөргөлт хийх нөхцөлийг бүрдүүлдэг аж. Үзэгдэх орчин хязгаарлагдмал, бороо устай үед хэрхэн ажиллах дүрмийн дагуу хурдаа ч тодорхой хэмжээгээр хаслаа. Зүтгүүрийн бригад ийнхүү аяллаа үргэлжлүүлсээр  566 дугаар км-ын тахирыг тойрон гарч ирэх үед өмнөх зам эвдэрснийг олж харав.  Машинчдын сэрэмж, болгоомжлол зөрсөнгүй, тэд даруй яаралтай тоормос хийж, яг л тооцоолсноороо зогсож чадлаа...

Болсон үйл явдал товчхондоо ийм. Энгийн хүнд сүйдтэй зүйл биш мэт санагдаж болох ч хүний алтан амь цаашлаад хэдэн тэрбумаар хэмжигдэх үнэтэй ачаа бараа, техник хэрэгслийн хохирол дагуулсан сүйрэлтэй машинчид нүүр тулсан юм. Байгалийн давагдашгүй хүчин зүйл хэзээ ч, хаана ч тохиож болно. Түүнийг яв цав урьдчилан мэдэхэд хэцүү. Тэрхүү гамшигт үзэгдэлтэй халз тулгарсан хүний сэтгэлзүйн байдлыг ч нэг хэмд барих амаргүй. Үнэндээ,  машинчдын ажил үүргээ гүйцэтгэх үйл явц технологийн чанд дараалал, дүрэм журам, зааварын дагуу зохицуулагддаг ч тэдгээрийг ягштал биелүүлэхэд хувь хүний ур чадвар, мэдлэг, авхаалж самбаа, дадлага туршлагаас шууд хамаардаг гэхэд нэг их хилсдэхгүй болов уу.

Машинч С.Мягмарсүрэн: Бид үүргээ биелүүлж, хийх ёстойгоо л хийсэн

-Юун түрүүнд мэргэжлийн өндөр ур чадвар гарган, үүсэж болохуйц ослоос сэргийлж чадсан та хоёрт уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе. Үеийн ус, хүчтэй аадар бороо, эвдэрсэн зам... Энэ бүгдийг хараад их цочирдов уу?

-Машинч бидэнд байгалийн аюултай үзэгдэл, онцгой нөхцөлд ажиллах дүрэм, журам, тусгай заавар бий. Түүний дагуу л шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан. Устай бороо орж байсан учраас хурдаа хасаж 40 км/цаг орчимд бариад л явсан юм. Гэтэл 566 дугаар км-ийн тахир тойруугийн наад зам руу үер орж, усанд автчихсан нь харагдсан. Ингээд л яаралтай тоормос хийсэн. Галт тэрэг тоормос хийсэн цэгээс 500 метр хэртэй зайд яваад, угаагдсан замаас 150-200 орчим метрийн цаана зогссон.

-Зогссоныхоо дараа ямар арга хэмжээ авав?

-Амжиж, товлосон цэгтээ галт тэргээ зогсоож чадсан учраас сандраагүй. Зогссоны дараа бидний өмнөх зам төмөр үерт автаад урсахад аюултай ослоос  сэргийлж чадсандаа л  их баярласан. Өөрсдийн амь наснаас гадна олон тэрбум төгрөгийн ачаа бараа, техник хэрэгслийг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх нь машинч хүний ариун үүрэг шүү дээ. Тэгээд л туслах машинчаа хөдлөх бүрэлдэхүүний доогуурх зам ямар байгааг шалгуулахаар гаргасан. Энэ хооронд өөрөө цувааны зааварлагч машинч, өртөөний жижүүр, хөдөлгөөн хариуцсан диспетчерүүдэд нөхцөл байдлыг мэдэгдсэн.

-Ийм нөхцөлд зүтгүүрийн бригад гар нийлж ажиллах нь хамгаас чухал байх?

-Тийм шүү. Миний хувьд машинч хүнд байх ёстой нэн тэргүүний шаардлага бол хариуцлага гэж ойлгодог. Олон зуун хүний амь нас, хэдэн тэрбумаар хэмжигдэхүйц үнэтэй ачаа барааг хариуцаж яваа хүний хувьд өөртөө хариуцлагыг дээд зэргээр тавих ёстой.  Манай С.Ган-Эрдэнэ өөрийгөө их дайчилдаг. Зааж, хэлсэн бүхнийг ягштал тогтоодог. Суръя, мэдье гэсэн чин эрмэлзэлтэй залуу. Намайг холбогдох мэдээллүүдээ өгч байхад туслах машинч маань бороонд шалба норчихсон орж ирсэн (инээв.сурв).

-Өмнө нь ийм эрсдэлтэй нөхцөлтэй тулгарч байв уу?

-Авто гарам дээр тээврийн хэрэгсэл байхаас эхлээд нэг бус удаа яаралтай тоормос хийж, хүний алтан амь, эд барааг эрсдлээс сэргийлж байсан. Машинч бүрт л тулгардаг зүйл шүү дээ.

-Та  хэдэн жил машинч хийж байгаа вэ. Төмөр замчин болсноос хойш мэдэрсэн хамгийн сайхан мөчөөс дурсвал ...

-Би УБТЗ-д 16 дахь жилдээ ажиллаж байна. Аав маань Зүтгүүрийн депогийн Хайлах цехэд ажилладаг байсан болохоор төмөр зам сэтгэлд илүү ойр байсан юм болов уу. Дурсамжтай үйл явдал гэвэл туслах машинчаар нэлээд олон жил ажилласан болохоор бие дааж хийсэн анхны аялал л надад хамгийн сайхан дурсамж даа.

- Үер усны аюултай тулсан тухайгаа замд явахдаа хамт олон болоод гэр бүлийнхэндээ дуулгав уу?

-Ажил үүрэг гүйцэтгэж явахдаа машинч нар утсаар ярих хориотой. Үүнийг гэр бүлийнхэн маань ч сайн мэднэ. Энэ тухай ажлаас буусан хойно надаас л сонсоцгоосон. Хамгийн түрүүнд л "Өөртэй чинь холбоотой буруу зүйл гараагүй биз" гэж асууцгаасан. Машинч нар хувь хүний хариуцлагыг нэн тэргүүнд тавьж ажилладгийн онцлог нь энэ юм даа. Ажил дээр ирэхэд таарсан хүн бүр л "Ёстой мундаг, баяр хүргэе” гэцгээсэн. Бид хоёрын оронд ямар ч машинч байсан шаардлагатай арга хэмжээг авч ослоос сэргийлнэ. Энэ маань л бидний хүлээсэн үүрэг, эзэмшсэн мэргэжлийн бахархал юм даа.

Туслах машинч Э.Ган-Эрдэнэ: Малчны хүүхэд болохоор нөхцөл байдлыг төвөггүй тодорхойлсон

-Туслах машинчийн хувиар хэрхэн ажиллав?

-Туслах машинч гэдэг машинчийнхаа шууд удирдлага дор өгсөн үүргийг биелүүлж ажилласан. Биднийг Наран-Элгэн зөрлөг өнгөрөөд явж байхад хүчтэй аадар бороо орж эхэлсэн. Цаг үеийн байдалтай холбогдуулан машинч маань өртөөний жижүүр рүү "Зам усанд автах магадлалтай байна. Замаа шалгаарай" гэж мэдэгдэл өгсөн. Ингээд 566 км-ын тахирыг тойроод гарч ирэхэд зам төмөр бүхэлдээ усанд автчихсан байсан. Бид яаралтай тоормос хийхэд угаагдсан зам руу нэлээд ойртоод л зогссон. Галт тэргээ дөнгөж зогсоотол зам төмөр үерийн усанд урсаж байгаа нь харагдсан.Тэр үед бас л эвгүй санагдсан шүү.  Зогссоныхоо дараа хөдлөх бүрэлдэхүүн болон илчит тэрэгнийхээ доогуур үзлэг, шалгалт хийсэн. Намайг гарах үед салхитай, мөндөртэй нэлээд хүчтэй аадар бороо орж байсан. Замын нөхцөл байдлыг дахин сайн нягтлаад, манай галт тэрэгний цуваа байрлаж байгаа хэсгийн зам хэвийн, харин зүтгүүрээс өмнөх зам үерт автаж, угаагдсныг  машинчдаа илтгэсэн.

-Аадар бороон дундуур явж нөхцөл байдлыг тодорхойлох амаргүй байсан болов уу?

-Би хөдөө өссөн. Малчин айлын хүүхэд л дээ. Энэ ч утгаараа байгаль, цаг агаарын баримжааг гадарлана. Тэрэгнээсээ буунгуут усны харгиаг нь хараад хэр гүн болохыг нь эхлээд тооцоолсон. Зам эвгүй бол хойшоо ухаръя даа гэж бодсон. Гэтэл зүтгүүрийн маань ойролцоо борооны ус бага хэмжээтэй урсаж байсан. Хөдлөх бүрэлдэхүүнийхээ доогуур шалгалт хийж байх үед бол шагай давсан хэрийн л устай байсан. Ингээд зүтгүүрээсээ  урагших замыг  шалгахад их хэмжээний шавартай, зам төмөр доогуур хөндийрөөд зай гарчихсан байсан. Дараа нь буцаж бүхээгтээ ороод нөхцөл байдлыг мэдээллийг өгсөн.

-Машинч С.Мягмарсүрэнгийн ямар чанарыг нь илүү хүндэлдэг вэ?

-Манай машинч аливаад уужуу тайван ханддаг. Хол замд хамт явахад түшигтэй хүн дээ. Өөрөө ч би  тайван талдаа болохоор хоёул ойролцоо араншинтай юм шиг санагддаг. Би туслах машинчаар есөн сар гаруй хугацаанд ажиллаж байна. Наймдугаар цувааны машинч н.Энхбаяр гээд авга ах маань бий. Тэр хүн л намайг машинчийн замнал руу хөтөлж, ТЗДС сургууль руу оруулсан даа.

-Та хоёр хэр удаан тусламж хүлээв?

-Агуйт, Наран-Элгэн гээд хоёр талын өртөөд бас усанд авчихсан байсан. Машинч нар 12 цаг ажиллах хуваарьтай байдаг учраас биднийг тэнд байхад бригад очиж, ээлж солигдсон. Тэгээд л хоёул ажлаа хүлээлгэж өгөөд Багахангай руу явсан. Галт тэрэг маань замын сэргээн босголт дуустал тэндээ байсан. Багахангайн амрах байранд очоод л гэрийнхэнтэйгээ холбоо барьсан. Манайхан төмөр замын талаар тийм ч нарийн ойлголтгүй учраас нэг их ойшоогоогүй /инээв.сурв/ Машинч нар "Замын тэнгэр"-тээ үргэлж сүсэглэж явдаг хүмүүс. Энэ ч утгаараа биднийг "Замын тэнгэр" л ивээлээ дээ.

-Ярилцсанд баярлалаа. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Замын тэнгэр"-тэй машинчид  
Үзсэн: 1525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй