![](/uploads/201404/news/thumb/45f5764bb1cf85677466931d023638da_x3.jpg)
УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын анхны хэлэлцүүлгийг хийх байсан.
Энэ асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан МАН-ын гишүүд дэмжигчид Чингисийн талбай дээр болон Төрийн ордныг тойрч тайван жагсаал хийсэн. Тэд Засгийн газрын гишүүдийг "давхар дээлээ тайлах"-ыг ийнхүү шаардсан юм.
Чуулганы үеэр дээрх асуудал дээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс тав хоногийн завсарлага авсан тул чуулган энэ асуудлыг ирэх долоо хоногийн пүрэв гарагт хэлэлцэхээр болж хойшлуулсан.
Харин жагсаал хийж байсан МАН-ын гишүүд, дэмжигчид давхар дээлээ тайлах асуудлыг хойшлуулсан тул тайван жагсаалаа зогсоож байна. Тэд Засгийн газрын тэргүүнд шаардах бичгээ хүргүүлсэн бөгөөд ирэх долоо хоногт дахин жагсаал хийж шаардах бичгийн хариугаа авна гэлээ.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас тодруулга авлаа.
-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс тав хоногийн завсарлага авлаа. Завсарлага авсан шалтгааныг та юу гэж бодож байна вэ?
-МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг яагаад завсарлага авсан бэ гэдэгт эргэлзэж байгаа. Ямар нэгэн улс төрийн наймаа тохироо хийх гэж завсарлага авсан байж болно. МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагаатгал үзүүлэхээр тохироо хийлээ гэсэн яриа явж байна. Гэхдээ бид үнэн худлыг хэлж мэдэхгүй. Тав хоногийн дараа үр дүн нь харагдах биз дээ.
-Тайван жагсаал ингээд дуусч байгаа юу?
-Үгүй. Энэ асуудлыг тав хоног хойшлуулсан. Ирэх долоо хоногийн пүрэв гарагт чуулганы үеэр бид дахин жагсаал зохион байгуулна. Манай гишүүд дэмжигчид бүгд бэлэн байгаа.
Ж.Мөнхбат: Ирэх долоо хоногт дахин жагсана | ||
Үзсэн: 1331 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.