
Монголын улс төрч, дипломатч, түүхч, Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярын санаачлагаар МҮОНРТ-ийн хамтын бүтээл “Тусгаар тогтнолын товчоо” нэртэй баримтат, уран сайхны киноны хоёрдугаар бүлэг өчигдрөөс МҮОНТ-ээр гарч эхлээд байгаа билээ.
Уг киноны ерөнхий найруулагчаар “Артлар хаус” продакшны найруулагч Б.Бадрал, ерөнхий зураглаачаар Г.Баттулга ажилласан байна.
Зохиолыг Ё.Отгонбаяр өөрөө бичсэн хэдий ч кино зохиол болгосон нь Ж.Батцэцэг, найруулагч Б.Бадрал нар аж.
Гол дүрд Б.Бямбацогт, Ө.Мөнгөнтулга, Г.Батбаатар нарын зэрэг уран бүтээлчид сонгогдсон бөгөөд зураг авалт Улаанбаатар хотод хийгджээ.
Гэхдээ МҮОНТ-ээр өнгөрсөн жил гарсан нэгдүгээр бүлгийн зураг авалт 2017, хоёрдугаар бүлэг нь энэ жил хийгдсэн байна.
Бүлэг тус бүр 10 ангитай бөгөөд “Тусгаар тогтнолын товчоо” кино нь нийт дөрвөн бүлэг буюу 40 ангитай байх нь ээ.
Агуулга нь Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхийг үе үеэр нь тодотгож мөнхөлжээ.
Тодруулбал нэгдүгээр бүлэг нь 1911-1918, хоёрдугаар бүлэг 1918-1924 оны түүхэн үеийг үзэгчдэд сэргээн үзүүлж байна.
Ерөнхий найруулагч Б.Бадрал хөрөг, түүхэн баримтат кино ихэвчлэн бүтээдэг бөгөөд өмнө нь Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн эхнэр Д.Пагмапулмын тухай өгүүлсэн “Бүрхэг шөнийн тэргэл саран” баримтат кино, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ж.Чулуун, ардын жүжигчин, дуун өгүүлэгч Г.Равдан нарт зориулж “Яруу тунгалгийн цоморлог”, “Үг номхруулагч” зэрэг хөрөг бүтээлээ үзэгчдэд хүргээд байна.
Тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг дурссан “Тусгаар тогтнолын товчоо” баримтат, уран сайхны кино МҮОНТ-ээр үзэгчдэд хүрч байна | ||
Үзсэн: 1163 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.