Шууд Chart

У.Адьяасүрэн: Амиа авруулсан хүмүүсээс илүү ОБЕГ-ийнхан “Баярлалаа” гэж хэлдэг

2020-07-10 10:04:22

Булган аймаг болон Дашинчилин суманд хоёр хоногийн өмнө их хэмжээний бороо орсны улмаас машинтайгаа үет урсаж байсан таван хүний амийг аварсан Уранбилэгийн Адьяасүрэнтэй холбогдлоо. Тэрбээр нийт 100 гаруй хүнд хэцүү байдалд байхад нь туслаж, долоо хүний амийг аварчээ.

-Уржигдар болсон үйл явдлын талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?

-Би хоёр найзтайгаа Булган аймгаас Дашинчилин сумаар дайрч Улаанбаатар руу орохоор явж байхад жалга дагаж үерлэсэн ус руу “Hyundai starex” маркийн автомашин хөвж байсан. Дотор нь дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй хүн сууж явсан юм билээ. Нэг найз нь жолоочоо “Гарчихна аа, шууд ор” гэж хөөргөсний улмаас орсон бололтой юм билээ.

-Та ямар хэрэглэж ашигласан бэ?

-Тэр хавьд зогсч байсан машинтай хүмүүсээс татлагыг нь авч биеэрээ ороогоод нэг үзүүрийг нь эрэг дээр зогсч байсан хүмүүст атгуулаад орсон. Усанд хөвж орж ирж байгаа том том чулуу хөл, гар цохиод хэцүү юм билээ. Эхлээд би гурван хүнийг нь аварсан. Тэд цонхоо онгойлгоод гарах гэсэн боловч ус хамж явчих гээд ямар ч боломжгүй байгаа харагдсан. Их ширүүн урсгалтай байсан шүү. Тэгээд ч би ганцаараа орсон болохоор цаг хугацаа их алдсан. Уг нь ядаж нэг залуу надтай нийлээд тийшээ орсон бол тэр машиныг нь ч гэсэн гаргах боломж байсан байх.

-Эрэг дээр нь зогсч байсан хүмүүсээс ганц ч хүн орохгүй байсан юм уу?

-Тийм. Зүгээр орилолдоод л байсан. Тэгсэн хэрнээ хүнд заагаад л. Намайг эхний гурван хүнийг нь аварч байхад хүмүүс бичлэг хийсэн байна билээ. Тэднийг эрэг дээр гаргачхаад буцаж орж дараагийн хоёр хүнийг нь авч гаргасан. Машиныг нь оосорлож татах гэсэн боловч үнэндээ бяр хүрээгүй. Тэр машин цааш хөвсөөр 4-5 удаа хөрвөөж байгаад тогтсон.

-Тэдгээр хүмүүс танд талархлаа хэрхэн илэрхийлж байна вэ?

-Нэг залуу нь л “Баярлалаа” гэж хэлсэн. Бусад нь “Машинаа яана аа” гээд эрэг дагаж гүйгээд байсан. Юун надад талархал илэрхийлэх манатай. Харин ОБЕГ-ынхан “Баярлалаа” гэж хэлдэг шүү. Учир нь би тэдгээр хүмүүсийг авраагүй бол Онцгойгийнхон л хайна шүү дээ. Тиймээс тэд “Бидний ажлыг хөнгөвчилж өгсөнд талархлаа” гэдэг. Нэмж хэлэхэд, татлагаар тусалсан хүмүүс болон миний биенээс уясан уяаг барьж зогссон залуучууд, шөнө нь машин чирч гаргасан портерийн жолооч ахад баярлалаа.

-Таны бие одоо хэвийн биз дээ?

-Гайгүй ээ. Зөөлөн эдийн жаахан гэмтэл гарч. Хэвлий, хөл, гараа чулуунд цохиулсан болохоор тэр байх л даа. Мөн хатгаа авсан байна гэсэн.

-Таныг өмнө нь өөр хэд хэдэн сайн үйлийн аян бүтээсэн гэж сонссон ...

-Саяхан Богд ууланд гал түймэр гарахад унтраалцсан. Мөн дөрвөн жилийн өмнө Төв аймгийн Батсүмбэр суманд гал түймэр гархад Сүхбаатарын талбай дээр цуглаад байсан хүмүүсээс 200 гаруйг нь уриалж авч явж унтраалцсан. Өнгөрсөн зургаадугаар сард Туул голын хажууд явж байхад гурван настай эрэгтэй живж байхад нь орж аварсан. 20 орчим хоногийн өмнө шөнийн 04:00 цагийн үед Амгаланд явж байхад нэг эрэгтэй хүн “Авраарай” гэх чимээг сонсоод очсон чинь дээрэмдүүлчихсэн ямар ч хувцасгүй сууж байсан. Ядаж байхад тэр шөнө бороо орж байсан болохоор тэр хүн бараг осгох шахсан байсан. Дараа нь надад тэр хүн “Би ингээд л үхэх юм байна” гэж бодоод сууж байлаа гэж хэлсэн. Би тэр хүнийг цагдаагийн газар хүлээлгэж өгөхөд цагдаа нар надад итгэхгүй гайхаад байсан. Машинтайгаа живэх шахсан саяын таван хүнтэй нийлээд долоон хүний амийг аварч байна.

-Та усан спортоор хичээллэдэг үү. Ямар мэргэжилтэй вэ?

-Усанд огт сэлж чаддаггүй юмаа. Нохой самардаж ч чадахгүй. Би “Queen”, “Hatun”, “Шилмэл загварт” моделийн багшаар ажилладаг. Өвөө маань цэргийн хүн байсан. Намайг “Хүнд сайн тусалж бай” гэж хэлдэг байлаа. Тэгээд ч Чингис хааны сургаалд “Дорой нэгнээ хайрлаж, хамгаалах ёстой” гэсэн байдаг даа. Ер нь надад энэ мэт зүйл их таардаг шүү. Их сонин. Өвөл машинтайгаа цасанд суугаад осгох шахсан байсан хүмүүс ч таарч байлаа. Нийтдээ 100 гаруй хүнд тусалсан даа. Зарим нь тохиолдлоор таардаг бол зарим нь сошиалаар тусламж гуйсан байхыг нь хараад очдог.

-Ярилцсанд баярлалаа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

У.Адьяасүрэн: Амиа авруулсан хүмүүсээс илүү ОБЕГ-ийнхан “Баярлалаа” гэж хэлдэг  
Үзсэн: 14881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй