![](/uploads/201404/news/thumb/8cdbf90980037ae2f64b4b140c3fe73c_x3.jpg)
“Эрдэнэс Тавантолгой” компанийн үүдэнд өнөөдөр ажилтнууд нь суулт зарласан. Ажилтнууд нь сүүлийн хэдэн сар цалингаа авч чадаагүйн учир суулт зарлаж байгаа гэх мэдээлэл байсан юм. Бид энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсууриас тодрууллаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компани ажилчдынхаа цалинг өгөхгүй байгаа учир жагсаал хийж, суулт зарласан гэж сонслоо?
-Ийм худлаа мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг би нотлож чадна. Манай компани ажилчдынхаа цалинг тасалдуулсан тохиолдол байхгүй. Өмнө нь ч тэгж байгаагүй. Цаг хугацаанд нь л өгдөг.
-Тэгвэл өглөө болсон жагсаал ямар учиртай байсан юм бэ?
-Манай “Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанхийн уурхайгаа үндэсний олборлогч уул уурхайн Монгол уурхайчин нэгдэлтэй хамтарч гүйцэтгэдэг. Үүнийхээ дагуу “Хишиг арвин” гэдэг компанитай хамтарч ажилладаг юм. Манай гэрээт олборлогч гэсэн үг. Энэ компанитай жил гаруй хамтарч ажиллаж байгаа. Өнгөрсөн 2013 оныг дуустал тэдний компанид төлбөр тооцоог нь цаг хугацаанд төлж байсан. Гэтэл он гараад нүүрсний зах зээл дээр хүнд байдал үүссэнтэй холбоотойгоор манай болон бусад компанийн борлуулалт саатсан. Үүнтэй уялдаад манайхаас “Хишиг арвин” компанид төлөх төлбөр нь саатсан юм. Энэ байдал л хоёр талд хүндрэл бэрхшээл үүсгэж байна. Үүнээс болоод “Хишиг арвин” компанийн ажилчид манай компанийн байрны урд ирж жагсаал хийсэн.
-Ийм нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болоогүй юм уу?
- “Хишиг арвин” компанийн хувьд бол бид он гарсаар борлуулалт хүндрэлтэй байсан болохоор удаа дараа олборлолтоо зогсоохыг хүссэн. Гэвч энэ компани олборлолтоо зогсоогоогүй. Зөвхөн сүүлийн хэдэн өдөр л зогсоосон. Үүнтэй холбоотойгоор манай хоёр байгууллагын хооронд өр, авлагын асуудал үүссэн. Бизнест бол байдаг л асуудал.
-Олборлолтоо зогсоохыг хүссэн гэлээ. Гэрээнд энэ талаар заалт байгаа юу?
-Гэрээнд зогсоож болох талаар заалт байгаа. Яагаад “Хишиг арвин” компани олборлолтоо зогсоогоогүй вэ гэхээр энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд багагүй хэмжээний хөрөнгө оруулсан. Олон тоног төхөөрөмжийг түрээсээр болон зээлээр авчихсан байж байгаа. Тэгэхээр олборлолтоо зогсоовол тэр компани санхүүгийн хувьд илүү их алдагдал хүлээх байсан болов уу гэж бодож байна.
-Одоо “Хишиг арвин” компанийн өрийг яаж барагдуулах вэ?
-Манайд бэлэн олборлосон нэг сая тонн нүүрс байгаа. Үүнийгээ борлуулах тал дээр ажиллаж байна. Ойрын үед амжуулаад гүйцэтгэхээр хэд хэдэн компаниудтай гэрээ байгуулчихсан. Төлбөр нь хараахан орж ирээгүй байна. Энэ мөнгө ороод ирвэл тус компанийн өрийг барагдуулна.
-Нийт хэдэн сарын төлбөр хийгдээгүй байгаа вэ?
-Он гарсаар хийгдээгүй байгаа юм. Уг нь бид төлбөрөө сар сард нь, өмнөх сарынхаа мөнгийг дараа сард нь хийдэг байсан юм. 12 дугаар сарын мөнгийг нэгдүгээр сард төлөх байсныг мөн төлөөгүй байгаа.
-Тэгэхээр нийт таван сар төлөөгүй юм байна. Энэ хугацаанд нийт хичнээн хэмжээний мөнгөн дүн төлөх болоод байгаа вэ?
-Бид бол хийсэн ажлынх нь хэмжээгээр төлдөг. Одоогоор 50-60 тэрбум төгрөгийн өр байгаа. Гэхдээ бидэнд бэлэн байгаа нэг сая тонн нүүрс бол дор хаяж 70 тэрбум төгрөг болно. Тэгэхээр бидэнд өрөө барагдуулах хэмжээний нөөц бий гэсэн үг.
Я.Батсуурь: “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид цалингаа цагтаа авдаг | ||
Үзсэн: 1353 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.