Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар сонссон хоёр дахь асуудал бол УИХ-ын гишүүн Су.Батболдоос “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан асуулга байлаа.
Гишүүний асуулгад Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хариулт өглөө. Тэрээр “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн 2013 оны хэрэгжилтийн тайлан, үхэр, хонины махны үнийн харьцуулалтын графикийг танилцуулсан юм.
Мөн сайд энэ онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд махны нөөц бүрдүүлэх, хадгалах, ангилан савлах, худалдаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий “Нөөцийн махны менежер”-ийн нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, дөрвөн компанитай нийт 12 мянган тонн мах бүрдүүлэхээр гэрээ байгуулсан талаар хэлэв.
Одоогийн байдлаар Дархан, Эрдэнэт хот нийт бүрдүүлэх махыг 100 хувь бэлтгэж, 86 хувийг нь сертификатаар баталгаажуулаад байна. Улаанбаатар хотод нийт 7382 тн мах буюу бүрдүүлэх махны 61.5 хвийг бэлтгэснээс 4434 тн-ыг нь сертификатаар баталгаажуулаад байна гэсэн хариулт өглөө. Мах хүлээн авч буй агуулахад хянагчаар ОБЕГ, МХЕГ, оролцогч банкны төлөөлөл ажиллаж байгаа бөгөөд нөөцийн махны худалдаалалтын явцад иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл хяналт тавьж ажиллах юм байна. Харин дэд хөтөлбөрийн хүрээнд энэ онд нийт Улаанбаатар хотод 12 мянга, Дархан, Эрдэнэт хотуудад тус бүр нэг мянган тн мах бэлтгэж худалдах аж.
Цаашид мах, махан бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт, үйлдвэрлэл, худалдааны асуудлаар дунд болон урт хугацаанд баримталж буй бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар салбарын сайд мах үйлдвэрлэлийн салбарт 2013-2016 онуудад буюу дунд хугацаанд хүн амыг чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнээр жилийн турш, жигд тогтвортой хангах, экспортыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа талаар хэлсэн юм.
Гишүүний асуулгад салбарын сайдын өгсөн хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ж.Батсуурь, О.Баасанхүү нар асуулт асууж, салбарын сайдаас хариулт авсан юм.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.