Шууд Chart

Д.Сумъяабазар гишүүний асуулгад Н.Удвал сайд хариулт өглөө

2014-04-11 13:09:47

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн  Д.Сумъяабазарын Агаарын бохирдол хүний эрүүл мэнд, эхийн урагт хэрхэн нөлөөлж байгаа түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар хийж буй ажлын талаар тавьсан асуулгад Эрүүл мэндийн сайд Н.Удвал хариулт өгсөн юм.

Түүний мэдээлснээр манай улсын томоохон хотуудад хийгдсэн судалгаагаар амьсгалын замын өвчлөл нь цаг агаарын үзүүлэлтүүд болон агаарын бохирдолтоос хамааралтай болох нь тогтоогдсон байна. Улаанбаатар хотын агаар дахь тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж нь хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл, ялангуяа хүүхдийн гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл, уушгины үрэвслийн нэг шалтгаан болж буйг судлан тогтоосон аж.

Агаарын бохирдол урагт хэрхэн нөлөөлж байгаа талаар нарийвчлан хийсэн судалгааны ажил одоохондоо манай улсад байдаггүй бөгөөд эхлэл төдий байгаа аж. ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Канад улсын Саймон Фрейзерийн их сургуультай хамтран "Агаарын бохирдлын ургийн хөгжилд үзүүлэх нөлөөллийг судлах-УГААР” судалгааг 2013-2015 онуудад хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажпыг хангуулаад байгаа талаар сайд хэлэв.
 
Энэхүү судалгааны зорилго нь жирэмсний хугацаанд дотоод орчны агаар цэвэршүүлэгч фильтрийг хэрэглэснээр ургийн жинд болон тээлтийн хугацаанд сөргөөр нөлөөлөх эрсдлийг бууруулж буй эсэхийг, гэр доторх агаарын тоосонцор РМ 2.5-ын агууламжтай нярай төрөх үеийн жин, жирэмсний тээлтийн хугацаа хамаарч байгааг, жирэмсэн эхийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөлөх хүчин зүйл болж буйг тус тус судлах аж. Судалгаанд 450 жирэмсэн эх хамрагдах бөгөөд асуумж судалгаа, хяналтын хуудас, гэр доторх агаарын чанарын хэмжилт, биосорьц (үс, өндөгний болон судасны цус) авч мэдээлэл цуглуулах ажээ.
 
Харин агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлийг эмчлэхэд иргэдээс зарцуулж байгаа зардлын хэмжээ, эдийн засгийн хор хохирлыг тогтоох, түүнийг нөхөн олгох зохицуулалтын талаар одоогоор ажил хийгдээгүй байгааг сайд мөн хэллээ.
 
Гишүүний асуулгатай холбогдуулан асуулт тавьсан Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, Су.Батболд, С.Дэмбэрэл, Л.Эрдэнэчимэг, О.Содбилэг, А.Бакей нарын асуултад салбарын сайд болон ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Д.Сумъяабазар гишүүний асуулгад Н.Удвал сайд хариулт өглөө  
Үзсэн: 988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй