Шууд Chart

Монгол Улсын заан Н.Жаргалбаярын амлалт ирэх жилийн наадмаар биелэх үү

2020-07-21 09:51:03

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, Монгол Улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр ирэх жилийн улсын баяр наадамд түрүүлнэ гэдгээ ил захидалдаа бичжээ.

Тэрбээр аймгийн начин цолтой байхдаа дараах амлалтыг “Увс нуур” бөхийн галын ерөнхий дасгалжуулагч Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын заан, Тува Улсын гавьяат тамирчин “Алдартан” клубыг үүсгэн байгуулагч Д.Бумбаяр багш танд гэсэн байна.

Тэрбээр “Миний бие ирээдүйд төрийн наадмын таван түрүүг хүртэж, дархан аварга цол хүртэнэ. Мөн Улс хувьсгалын 100 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жилийн ойн түүхт их баяр наадмаар Увсын бөхчүүд түүхт их ойд түрүүлгийн жишгээр тэр жилийн түрүүг авна гэдгээ багш танд амлаж байна. Мэдээж энэ том амжилтанд хүрэхийн тулд асар их хөдөлмөр, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, мохож цуцашгүй сэтгэл зүрх хамгийн гол нь өөрийгөө ялан дийлж, энэ бүгд надаас шалтгаалах тул өөрийгөө улам их эрч хүчээр дайчлан амласандаа хүрэхийн төлөө хичээн зүтгэхээ багш танд дахин амлья.

Амлалт өгсөн Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Д.Нэгдэлийн хүү аймгийн начин Жаргалбаяр” гэжээ.

Энэ дашрамд түүний амжилтыг дурдвал 2012 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд улсын начин Д.Амаржаргалаар тав давж аймгийн начин, 2013 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Эрдэнэбаяраар найм даван түрүүлж аймгийн арслан, 2014 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд аймгийн заан Э.Саранбаатараар найм даван түрүүлж аймгийн хурц арслан цол, 2016 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн нэмэх чимэг хүртэв.

Тийнхүү тухайн жилийн улсын баяр наадамд улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав, тухайн үед аймгийн арслан цолтой байсан улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэртэй тунан барилдаж даван Монгол Улсын харцага цол хүртэж байлаа.

Харин 2017 улсын аварга Г.Эрхэмбаяраар долоо даван шөвгөрч улсын заан цол хүртсэн бол дараа жилийнх нь улсын баяр наадмын долоогийн даваанд улсын арслан Ц.Содномдоржийг давж, цолоо батлан чимэг нэмсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын заан Н.Жаргалбаярын амлалт ирэх жилийн наадмаар биелэх үү  
Үзсэн: 4564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй