![](/uploads/202007/news/thumb/ca00ae3a636435e17930ab29a28524fc_x3.jpg)
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касай-тай цахим уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Др. Касай Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд сайд Т.Мөнхсайханд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.
Энэ удаагийн уулзалтаар Бүсийн захирал дэлхий нийтэд тархаад байгаа "COVID-19" цар тахлын улмаас энэ жилийн Бүсийн хорооны ээлжит чуулганыг 10 дугаар сард виртуаль хэлбэрээр зохион байгуулах саналыг хэлэлцэх асуудлуудын хамт танилцууллаа. Энэ жилийн чуулганаар Бүсийн улс орнууд дархлаажуулалтын асуудлаарх шинэ баримт бичгийн төсөл, эрүүл насжилт болон аюулгүй, хямд өртөг бүхий мэс заслын тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох асуудал, тэрчлэн "COVID-19" халдварыг авч хэлэлцэхээр төлөвлөж байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Бүсийн захирал Др.Касай-д хариу талархал илэрхийлж, Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах чиглэлд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооноос баталж хэрэгжүүлсэн “Ази, Номхон далайн шинэ болон сэргэж байгаа халдварын стратеги” чухал ач холбогдолтой байсныг онцолж, цаашид бэлэн байдлыг хангах, халдвараас сэргийлэх хариу арга хэмжээг улам эрчимжүүлэх замаар эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн Монгол Улсын "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх, хязгаарлах, хариу арга хэмжээ авах цогц үйл ажиллагаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсээс мэргэжил арга зүйн болоод бусад дэмжлэг туслалцааг тогтмол үзүүлж ирсэнд талархал илэрхийлэн, хамтын ажиллагааг улам өргөжүүлж ажиллана гэлээ.
Уулзалтад ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица болон Эрүүл мэндийн яамны ажилтнууд байлцлаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүстэй цахим хурал хийлээ | ||
Үзсэн: 712 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.