Шууд Chart

Хамгийн бага төсвөөр хашаагаа тохижуулж, сайхан амьдрах боломжтойг харуулж байна

2020-07-23 09:25:32

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсэд инженерийн шугам холбосноор иргэд ая тухтай амьдрах боломж бүрджээ. Энэ бүсэд амины орон сууцаа барьж, өөрийн эзэмшил газраа жишиг болгон тохижуулсан нэгэн өрхийг онцлон сурвалжиллаа. Энэ өрх хамгийн бага төсвөөр орчноо тохижуулж хашаандаа сайхан амьдрах боломжтой гэдгийг үлгэрлэн харуулж байна.

Арвайхээрийн шинэ суурьшлын бүсэд байрлах энэ хашаа бол тус багийн иргэн Аюушынх. Эднийх гурван жилийн өмнө энд газар авч блокон хашаатай амины орон сууц барьжээ.

Нэгэнт амины орон сууцтай болсон энэ өрх өөрсдийн амьдарч байгаа хашаагаа бүрэн тохижуулах зорилтыг тавьсан байна. Гэрийн эзэн Аюуш хашаандаа сайхан амьдарч байгаа жишиг өрхүүдээс хашааныхаа тохижилтыг хэрхэн хийх санаагаа авч өөрийн биеэр тохижилтийн ажлаа хийдэг гэдгээ ярьж байлаа.

Хашаагаа нэг сарын хугацаанд эсвэл нэг жилийн хугацаанд тохижуулаад болно гэсэн буруу ойлголт байдаг. Тэгвэл энэ өрхийн тухайд хашаагаа тохижуулах нь нэг ёсны хобби нь болсон байна. Өглөө эртлэн босч ажилдаа явахаасаа өмнө, орой ажлаасаа ирээд 02:00 цаг хүртэл тохижилтийн ажлаа хийх тохиолдол ч гардаг гэнэ. Хашаагаа тохижуулахад их цаг зарцуулдаг ч огт ядардаггүй, давхар дасгал хөдөлгөөн болж эрүүл мэндэд нь ч сайнаар нөөлөөлж байгааг хэлж байлаа.

Өрх болгон хашаагаа илүү тохилог болгож, хашаандаа сайхан амьдрах боломжтой. Аюушынх энэ жилээс хашаандаа хүлэмж барьж өргөст хэмх, улаан лооль зэрэг нарийн ногоо тариалснаас гадна өрхийн хэрэгцээндээ тохируулан төмс, хүнсний ногоо тариалжээ. Намар ургацаа хураан авч эрүүл хөрсөнд ургасан хүнсний ногоог хэрэглэн эрүүл мэндээ давхар хамгаална гэдгээ ярьж байсан. Цаашлаад хашаандаа амьдрах орчин нөхцлөө сайжруулах, жижиг аж ахуй эрхлэн гэр хорооллыг хөгжүүлэх бүрэн боломж бий гэдэг нь энэхүү хөдөлмөрч өрхийн жишээнээс харагдаж байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хамгийн бага төсвөөр хашаагаа тохижуулж, сайхан амьдрах боломжтойг харуулж байна  
Үзсэн: 3307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй