
Одоогоос 150 орчим жилийн өмнө бичигдэж, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан Лев Толстойн "Анна Каренина" роман УДЭТ-ын тайзнаа анх удаа буюу ирэх есдүгээр сарын 15-нд тавигдахаар болжээ.
Зохиолыг жүжгийн хэлбэрт Н.Пүрэвдагва оруулан бичиж, Монгол Улсын төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулах бол зураачаар Т.Ганхуяг ажиллаж байгаа гэнэ.
Тус жүжгийн зохиол нь 1878 онд бүрэн эхээрээ ном болон хэвлэгдсэн ч 1873-1877 оны хооронд Русский вестник сэтгүүлд цувралаар нийтлэгдэж байжээ.
Утга зохиол шүүмжлэгчдийн зүгээс тус зохиолыг дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиол хэмээн үнэлсэн байдаг.
Тус зохиол дэлхийн олон хэлэнд орчуулагдаж, кино, жүжиг болон урлагийн бусад хэлбэрээр дахин дахин бүтээгдэж нэр алдарт хүрсэн түүхтэй.
10 гаруй гол дүртэй, найман хэсгээс бүрдсэн тус роман нь орчуулга болон хэвлэлийн газрын сонголтоос хамаарч гол төлөв 800 гаруй хуудастай, ихэвчлэн хоёр ботиор хэвлэгддэг аж.
Уг зохиол нь урвалт, сүсэг бишрэл, гэр бүл, гэрлэлт, Оросын эзэнт гүрний аж байдал, хайр дурлал, хот хөдөөгийн амьдрлын ялгаа гэх мэт маш өргөн хүрээтэй сэдвүүдийг хөндсөн байдаг.
Энэхүү зохиолд нөхөрт гарсан язгууртан авхай Анна залуухан офицер Алексей Вронскийд хайр сэтгэлтэй болж, үүнээсээ болж Санкт-Петербургийн ихэс дээдсийн хүрээллийн дарамтад өртөж, улмаар хайр сэтгэлийнхээ төлөө хамтдаа Итали руу зугтдаг. Орос руу буцаж ирэхэд тэдний хамтын амьдрал төгсгөл болохоос аргагүй байдалд хүрнэ.
Лев Толстойн "Анна Каренина" жүжиг Монголд анх удаа тавигдана | ||
Үзсэн: 1060 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.