Шууд Chart

А.Хонгорзул: Харшлын эсрэг тарианд өндөр тунтай даавар агуулагддаг тул гаж нөлөө их илэрдэг

2020-07-31 09:49:10

Зуны улирал дөнгөж эхлэнгүүт ургамал, тоосноос үүдэлтэй харшил олон хүнд асуудал болж, зарим нь шөнө ч унтаж чадахгүй байдалд хүрдэг. Иймд анагаах ухааны магистр, арьс, харшлын их эмчАллерги Мед” эмнэлэгийн эмч Ариунболдын Хонгорзултай ярилцав.

-Хүмүүсийн харшил ер нь хэдэн сараас эхэлдэг вэ. Тоос, ургамлаас үүдсэн харшил хамгийн их зонхилж байна уу?

-Харшил нь харшил төрүүлэгч хүчин зүйлээс хамаарч эмнэл зүйн илрэл болон илрэх хугацаа нь ялгаатай байдаг. Улирлын чанартай харшил нь тавдугаар сараас эхэлдэг. Харин долоодугаар сараас эхэлдэг шарилжны харшил илүү зонхилж байна. 

-Энэ жил ямар төрлийн харшил элбэг байна вэ?

-Ер нь жил бүр хөл газрын ургамлын харшил болох шарилж, лууль, хогийн ургамлын харшил их байдаг. Энэ жил ч мөн ялгаагүй уг харшил элбэг байгаа ч коронавирус гарсны улмаас хүмүүс маск сайн зүүж байгаа болохоор харьцангуй бага байна. Нилээн оройтож илрэх хандлага ажиглагдаж байна.

-Ямар шалтгаанаар хүн харшилтай болдог вэ. Биеийн эсэргүүцэл үү эсвэл цаг агаар, орчноос уу?

-Харшил гэдэг нь генийн суурь өөрчлөлт. Харшил төрүүлэгч хүчин зүйлтэй хавсарснаар үүсдэг. Түүнээс биш биеийн эсэргүүцэл сулрах, дархлаа муудахаас болж үүсдэггүй. Харин нойргүй удаан хугацаагаар явах, их ядарвал харшлын болон түүний эсрэг тэмцдэг тогтолцооны тэнцвэрт байдлын алдагдал үүсдэг. Ингэснээр аль нэг төрлийн харшил тухайн хүнд илүү хурцаар үүсч, зовиур нь илрэх тохиолдол бий.

-Гэхдээ ид асуудал болоод байгаа эдгээр харшлыг бүрэн дарах боломжтой биз дээ ...

-Бүрэн дарах эмчилгээ байхгүй. Харин харшил төрүүлэгч хүчин зүйл эхлэхээс өмнө (ургамал, тоосны) урьдчилан сэргийлэх эмчилгээ сайн хийх хэрэгтэй.

-Харшлын эсрэг тариа байдаг гэсэн. Үүнийг жил бүр хийвэл сөрөг нөлөө байдаг уу. Хаана үйлдвэрлэгдсэн, ямар нэртэй бэлдмэл байдаг вэ?

-Харшлын эсрэг тариа нь ихэвчлэн өндөр тунтай дааврууд байдаг. Эдгээрийг хийвэл маш олон гаж нөлөө илэрдэг. Хүмүүс дур мэдэн ОХУ, БНСУ, БНХАУ-ын өндөр тунтай дааврууд хийлгэчихээд эмнэлэгт ханддаг. Эдгээрийг жил бүр хийгээд байвал бодисын солилцоонд маш олон төрлийн өөрчлөлт ордог. Тиймээс эдгээр тарианаас татгалзах хэрэгтэй. Тухайлбал 2-3 жил хийхэд болрын цайлт үүсэж, хараа муудах, үргүйдэл үүсэх, ясны сийрэгжилт үүсэх гэх мэт гаж нөлөө илэрдэг.

-Хамрын дусаалга, цацлага ч их гарсан байх юм билээ. Тэр ер нь түр зуурын арга хэмжээнийх байдаг уу эсвэл харшил сэдэрсэн үеэ дуустал нь хэрэглэдэг эд үү?

-Хамрын дусаалга, цацлагыг ерөнхийд нь хоёр бүлэгт хуваадаг. Эхнийх нь хамрын битүү арилгагч. Үүнд отривин, нафазолин, септоназал гэх мэт багтдаг. Эдгээр нь түр зуурын судас агшаах нөлөөтэй, ямар нэгэн эмчилгээ хийгддэггүй гэсэн үг. Хоёрдугаарт эмчилгээний үйлдэлтэй буюу хамар битүүрэх, найтаах, нус гоожих гэх мэт шинж тэмдгийн эсрэг нөлөө үзүүлдэг эмчилгээний үйлдэлтэй цацлага бий. Үүнд авамис, назатив, бесонин, назалекс гэх мэт багтдаг. Эдгээрийг харшлын үеийг дуустал хэрэглэж болно.

-Зарим хүн юунаас шалтгаалсан харшилтайгаа мэдэхгүй хэрнээ дур мэдэн өөрсдөө дээрх дусаалга, цацлагыг хэрэглэдэг. Ингэвэл сөрөг нөлөө учрах уу?

-Тийм ээ. Хүмүүс ихэвчлэн хамрын битүү арилгагчийг маш удаан хугацаагаар хэрэглэсэн байдаг. Эдгээр нь эргээд хамар битүүрэх, хамрын салстууд хөөж хавагнах, хуурайших зэрэг олон гаж нөлөөтэй. Эдгээр цацлагыг хэрэглэвэл долоо хоноод л тухайн хүнд дасал болдог тул энэ эмчилгээнээс гаргах нь их төвөгтэй асуудал болдог. Тиймээс анхнаасаа мэргэжлийн эмчид үзүүлж, зөв цацлагаа хэрэглэхийг зөвлөж байна.

-Хоол ундны хэрэглээнд хязгаарлалт бий юу?

-Байгаа. Үүнд ургамлын харшилтай хүн түүхий жимс, ногоог идэх үед яг ижил байдлаар харшлын зовиур илэрч, эмнэл зүй нь улам хүндэрдэг. Тухайлбал модлог ургамалын харшилтай хүн модноос ургадаг жимс, шүүс хэрэглэхийг хориглодог бол шарилж, луульны харшилтай бол тарвас, мандарин, түүнчлэн гүүний айраг, саам хэрэглэж болохгүй.

-Жирэмсэн хүн харшилтай байвал урагт нөлөөлж, удамших уу?

-Ер нь аав ээжийн аль нэг нь харшилтай бол урагт дамжих магадлал 50 хувь байдаг. Харин аав ээж хоёулаа харшилтай бол 75 хувь болдог. Тиймээс жирэмсэн харшилтай хүн байвал урагт дамжих боломжтой.

-Одоогийн байдлаар хэдээс дээш насны хүн харшилд илүү ихээр өртсөн байна вэ?

-Насны зааг ялгаа харшилд ер нь байхгүй ээ.

-Харшилтай болж байгаа хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Юуны харшил гэдгээс хамаарч харшлын шинж тэмдэг ялгаатай илэрч болно. Тухайлбал ургамалын харшилтай бол хамар битүүрэх, найтаах, нүд, чих, тагнай загатнах шинжээр илэрч болно. Харин арьсны талаас химийн хүчин зүйлтэй харьцсанаар харшлын шинж тэмдэг илрэх үед биеэр тууралт гарах шинж тэмдэг ажиглагдах зэрэг ялгаатай байдаг.

-Царцаа болон зарим шавьжны шүүсийг залгивал ургамалын харшил эдгэдэг гэх юм билээ. Энэ үнэн үү?

-Энэ маш аюултай. Ямар үндэслэлээр хийж буй нь бүрэн тогтоогдоогүй эмчилгээг хэрэглэвэл харшлын шинж тэмдэг хүндэрч, амь насанд аюул учрах магадлалтай.

-Суурин болон орон нутгийн иргэдээс аль нь харшлаар илүү өртсөн байдаг вэ?

-Багаасаа олон төрлийн байгалийн хүчин зүйлтэй харьцсанаар хүнд дархлаа тогтож эхэлдэг. Ингэснээр олон зүйлээс харшлах магадлал бага байдаг. Тиймээс орон нутгийн хүмүүс илүү бага хэмжээгээр харшилд өртдөг. Эсрэгээрээ суурин газарт буй хүмүүс олон төрлийн харшил төрүүлэгч хүчин зүйлтэй харьцсан байдал нь бага байдаг тул илүү өндөр өртдөг.

-Харшил хүндэрвэл амь насанд ч аюултай гэдэг. Чухам ямар төрлийн харшил аюулд учруулах магадлалтай вэ?

-Ер нь ямар ч харшлын шинж тэмдэг хүндрээд анафилаксийн шок гэх амь насанд аюултай шинж тэмдгээр илэрч болдог. Энэ үед хоолой боох, амьсгал давчдах, даралт унах, арьс салст хөхрөх зэрэг маш хүнд зовиур илэрдэг. Энэ нь ямар ч харшлын үед илэрч болдог. Тиймээс юунаас харшилтай гэдгээ тодорхойлуулан урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэж, харшил төрүүлэгч хүчин зүйлээсээ зайлсхийх хэрэгтэй.

-Харшлаас сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах нь зохистой вэ?

-Ургамалын тоосны харшлаас сэргийлэхийн тулд хоёр арга хэмжээ авдаг. Нэгдүгээрт тухайн харшил төрүүлэгч хүчин зүйлийг агуулсан ургамалыг багаас нь их тун хүртэл уусаар байгаад дархлаа тогтоодог вакцин эмчилгээ гэж бий. Үүнийг улирлын харшилаас гурван сарын өмнө уудаг. Тухайлбал модлог ургамалын хоёрдугаар сарын 15-наас. Үет ургамалын харшилтай бол гуравдугаар сарын 15-наас. Хөл газрын ургамалын харшилтай бол дөрөвдүгээр сарын 15-наас эхэлж уудаг. Ингэхийн тулд харшил эхлэхээс өмнө аль төрлийн харшилтай гэдгээ сорил өгч тодруулах хэрэгтэй. Хоёрдугаарт угтуулах эмийн эмчилгээ. Уг эмчилгээг харшлын шинж тэмдэг илрэхээс нэгээс хоёр сарын өмнө уудаг. Үүнд үндсэн харшлын эм багтдаг. Эдгээр эм нь ямар нэгэн даавар агуулаагүй, гаж нөлөөгүй. Хэн нэгэн ургамалын, тоосны харшилтай бол 05:00-08:00, эсвэл орой 19:00-21:00 цагийн хооронд ургамал тоосоо агаарт хамгийн их гөвдөг цаг үед. Мөн бороо орсны дараа, хуурай халуун салхи ихтэй үед аль болох цонхоо онгойлгохгүй, гадуур гарахгүй байх хэрэгтэй. Хэрэв гарсан тохиолдолд малгай, маск зүүх зэрэг хамгаалалт хэрэглээрэй. Орой унтахаасаа өмнө хамар болон толгойгоо зайлшгүй угааж хэвшүүлээрэй. Ингэснээр харшлын зовиур харьцангуй бага болдог.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Хонгорзул: Харшлын эсрэг тарианд өндөр тунтай даавар агуулагддаг тул гаж нөлөө их илэрдэг  
Үзсэн: 14827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй